post image

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ “ЗӨВ ЭРЧҮҮД КЛУБ” БАЙГУУЛНА

Монгол улсын хэмжээнд нийт 145,247 оюутан суралцаж байгаагаас эрэгтэй оюутны тоо нийт оюутнуудын ойролцоогоор 30 хувь буюу 56,444 байдаг аж.

Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшиж буй эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад маш цөөн байгааг эндээс харах боломжтой. Түүнчлэн оюутнуудын нийгмийн идэвхи, олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдлаар нь харьцуулахад эмэгтэй оюутан, сурагчид илүү идэвхтэй байв. Нэг ёсондоо эрэгтэй оюутнууд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд бага оролцдог, дээд боловсрол эзэмших хувь бага байгаа нь эрэгтэйчүүдийн боловсролын түвшин, карьер, цалин хөлсний хэмжээ, дундаж наслалт гэх мэт олон хүчин зүйлүүдэд сөргөөр нөлөөлдөг байна.

Эрэгтэй оюутнуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, зөв эр хүн байх уриалгыг дэвшүүлэн Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Залуучуудын Холбоо болон Зөв Эрчүүд НҮТББ хамтран 2023 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон их, дээд сургуулиудын 1-р дамжааны эрэгтэй оюутнуудтай уулзалт хийж байна.

Энэхүү уулзалт нь нэг удаагийн уулзалт хийж өнгөрөхөөс илүүтэйгээр цаашид энэ чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулах клубуудыг их дээд сургууль тус бүрт байгуулж байгаа гэдгээрээ онцлог, ач холбогдолтой юм.

2023 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтаар 700-аас дээш оноо авсан сурагчдын харьцаагаар Математик, Физик чиглэлээр эрэгтэй оюутнууд тэргүүлсэн бол Монгол хэл, Нийгэм судлал хичээлээр эмэгтэй оюутнууд тэргүүлсэн байна.

Мөн тэдний нийгмийн асуудлын хандаж буй хандлага, олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдлаараа эмэгтэй оюутан, сурагчид идэвхтэй байна.

Монгол Улсад дундаж наслалт 1992 оноос 70.2 болж 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгдсэн бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 26 жилийн хугацаанд 60.7-оос 66.1 болж, 5.4 жилээр, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-өөс 75.8 болж 10.9 жилээр нэмэгдсэн байна

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь дэлхийн дунджаас 2 дахин их байна. ДЭМБ-ын 2016 оны статитикаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12 дугаарт, Ази номхон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байгаа юм.

ҮСХ-ны 2018 оны жилийн эмхтгэлээс харахад эрэгтэйчүүдийн нас баралт, эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин их буюу нас барж буй 10 хүн тутмын 6 эрэгтэй, 4 эмэгтэй байна. Хөдөлмөрийн насны хүн амын нас баралтын төвшинг авч үзэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс 3.3 дахин их, мөн эрэгтэйчүүдийн харьцангүй нас барч байгаа нь анхаарал татсан асуудал юм.

Иймээс эрчүүдийн зөв амьдралын хэв маягт суулгах, эрчүүдийн сэтгэлзүйн асуудалд дэмжлэг болох зорилготойгоор эрчүүд клубийн байгуулан 2023- 2024 оны хичээлийн жилд эрэгтэй оюутнуудын санаачилсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.


 

Нийтлэл хуваалцах