ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХАД НАМЫН ДУНД ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧИГЛҮҮЛЭХ НЬ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-04-12

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Улс төрийн намын үйл ажиллагаанд жендэрийн дэвшилтэт үзэл баримтлалыг нэвтрүүлэх хүрээнд улс төрийн намын дунд шатны байгууллагын дарга, дэд дарга, хорооны тэргүүлэгчдэд хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах улс төрийн манлайлал, үр дүнг танилцуулах, харилцан санал солилцох зорилгоор цуврал семинарыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд 13 улс төрийн намын нийслэл, дүүргийн намын байгууллагын  50 орчим дарга, удирдлагууд, холбогдох төлөөллүүдийг хамруулсан семинарыг зохион байгууллаа.

 

Семинарыг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж, Улс төрийн намын дунд шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга зүй, Улс төрийн намын жендэрийн аудит сэдвээр илтгэл танилцууллаа. Монгол Улсад жендэрийн өөрийн үнэлгээ хийсэн нийт 12 улс төрийн нам байгаа бөгөөд жендэрийн үнэлгээг хийснээр хүйсийн эрх тэгш байдлыг хангах хөшүүрэг бий болох, тэгш бус байдал, саад бэрхшээлийг илрүүлэх, намын гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах, ахиц дэвшлээ үнэлэх механизм бүрдэх зэрэг олон ач холбогдолтой гэв. Түүнчлэн цаашид 1. Жендэрийн үндэсний шинжээч, сургагч багш бэлтгэх, сургалт семинар зохион байгуулах, 2. Нэр дэвших эмэгтэйчүүдийг менторлох, дэмжлэг үзүүлэх чиглэлээр намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч ажиллах, 3. Намын дэргэдэх судалгааны байгууллагуудтай жендэрийн дүн шинжилгээ, үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, 4. Олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх компанит ажил, аян, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах үндсэн чиглэлд улс төрийн намуудтай хамтран ажиллах, арга зүйн дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийлж илтгэлийг танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэг: “Хууль тогтоомжид туссан жендэрийн эрх тэгш байдлыг хангах зохицуулалт”-ын талаар мэдээлэл танилцуулж, 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуулийн дүнд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүд бөгөөд эзлэх хувь 1992 онд 3 (3.9%) байсан бол 2020 онд 13 (17.1%) болж өссөн байна. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүх оролцогч талууд ялангуяа улс төрийн намуудтай хамтран ажиллах, тэдний хүчин чармайлт чухал байна гэв.

Хэлэлцүүлгийн үеэр 2023 оны 4 сарын 10-ны өдөр “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт”-д нэгдсэн намуудын төлөөлөл жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээрх ахиц дэвшил, үр дүн, манлайллын талаар танилцууллаа.

Иргэний зориг ногоон намын нийт гишүүдийн 64 хувийг эмэгтэйчүүд, шинээр сонгогдсон гишүүдийн 30, үндэсний хорооны гишүүдийн 40, дунд шатны дарга нарын 29 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд цаашид энэхүү хувийг ахиулж, хүйсийн ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх түүнчлэн шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлд манлайлж ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ нам: Тус намын хувьд намын бүх шатны байгууллагын түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангаж байгаа бөгөөд намын дарга нь эрэгтэй бол дэд дарга нь эмэгтэй байх гэсэн сөөлжилсөн зарчмыг бүх шатны удирдлагын түвшинд баримтлан ажиллаж байгаа сайн туршлагын талаараа онцолж байсан юм.

Монголын социал демократ нам: Намын зүгээс бүх шатны сонгуульд аль нэг хүйсийн төлөөлөл 50/50 гэсэн зарчмын дагуу тэнцүү оролцуулах бодлого барьж байгаа бөгөөд  шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг хэллээ.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам: Намын дотоод бодлого шийдвэр, дүрэм, журмаа хууль тогтоомжид туссан жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэвшилтэт зохицуулалтуудтай уялдуулан нийцүүлж ажиллахын сацуу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллахад бодитой арга хэмжээ авч манлайлан ажиллахаа намын даргын хувьд илэрхийллээ.

Үнэн ба зөв нам: нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэр дундаа хүйсийн онцлог, ялгаатай хэрэгцээнд тулгуурлаж бий болж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, шийдэл олохын тулд намын дотоод бүтэц болон нэр дэвшүүлэхдээ хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна гэв.

 

Мөн семинарт оролцсон намуудын төлөөлөл хэлэлцүүлгийн үеэр жендэрийн өөрийн үнэлгээ, ЖҮХ-нд хүргүүлэх тайлан мэдээлэл, сонгуулийн зохион байгуулалттай холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency