Сургалтын танилцуулга
ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ, ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Нийтэлсэн огноо: 2023.01.02
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтлах” хүрээнд Жендэрийн үндэсний хороо нь дараах арга хэмжээг бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна.
- Жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт “Жендэр ба бодлого төлөвлөлт”
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдыг үе шаттайгаар жендэрийн сургагч багшаар бэлтгэх ажлыг 2019 оноос эхлэн зохион байгуулаад байна.
Энэхүү сургагч багш нь төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх чадавхыг бий болгоход чиглэнэ.
2019 оноос эхлэн үндэсний хэмжээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын жендэрийн асуудал хариуцсан 354 сургагч багшийг /310 эмэгтэй, 44 эрэгтэй/ анхан шатны модулиар бэлтгээд байна. Энэхүү сургагч багшийн мэдээллийг ncge.gov.mn хаягаар авах боломжтой.
- Жендэрийн сургагч багш бэлтгэх дунд шатны сургалт “Жендэрийн дүн шинжилгээ ба бодлого төлөвлөлт”
Тус сургалт нь анхан шатны модулиар бэлтгэгдсэн сургагч багшийг жендэрийн дүн шинжилгээ хийх ур чадвар эзэмшүүлэх, чадавхжуулахад чиглэнэ.
Энэхүү сургалтаар төрийн байгууллагын жендэрийн асуудал хариуцсан 40 сургагч багшийг /35 эмэгтэй, 5 эрэгтэй/ бэлтгээд байна.
- Төрийн албаны удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим сургалт
Төрийн албаны удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим модулийг боловсруулж 2019 оноос эхлэн нэвтрүүлээд байна. Тус сургалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, эрх зүйн орчин жендэрийн мэдрэмжтэй бодлого тодорхойлох талаар анхан шатны ойлголт мэдлэг авахад чиглэнэ. Энэ хугацаанд төрийн байгууллагын удирдах ажилтны 60 хувийг сургалтад хамруулж гэрчилгээ олгосон байна.
- Их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт жендэрийн агуулгыг тусган нэвтрүүлэх
Нийгмийн ажилтан, эрх зүйч, сэтгүүлч бэлтгэдэг их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт жендэрийн агуулга нэвтрүүлэх ажлын хүрээнд “Нийгмийн ажил ба жендэр”, “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сургалтын модуль, “Эрх зүй ба жендэр” сургалтын хөтөлбөрийг тус тус боловсруулж, нэвтрүүлээд байна. Энэ хүрээнд 33 их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт жендэрийн агуулга тусгагдаад байна.
- Бүсийн сургалт,семинар
Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор бүсийн сургалт, семинарыг тасралтгүй 6 жил зохион байгуулав. Сургалтад 21 аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын нийт 505 албан хаагчийг жендэрийн чиглэлээр чадавхжуулаад байна.
- Захиалгат сургалт
Төрийн байгууллагуудын албан хүсэлт захиалгаар Жендэрийн чиглэлээрх сургалтуудыг төлөвлөн зохион байгуулж байна.