“УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД ТУССАН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ” УЛС ТӨРИЙН НАМЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2023-11-07
Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д туссан жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг дэмжсэн зохицуулалтыг улс төрийн намуудад танилцуулах, Жендэрийн үндэсний хороонд тайлан хүргэх асуудлаар мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо хамтран зохион байгуулж, нийт 16 улс төрийн намын 40 гаруй удирдах албан тушаалтан оролцлоо.
Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гүйцээн боловсруулж, Монгол Улсын Их хурал 126 гишүүнтэй байхаар хуульчилсан нь парламентын төлөөлөх чадамжийг сайжруулахад чиглэгдсэн гэдгийг дурдлаа. Улмаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай нэмэлт өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлэхийн зэрэгцээ хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар нэр дэвших 48 нэр дэвшигчийг 1:1 гэсэн харьцаагаар байршуулснаар 24 буюу тал нь эмэгтэй нэр дэвшигч сонгогдохоор хуульчилсныг тэмдэглэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хүний эрхийн цогц асуудлын голлох бүрэлдэхүүн хэсэг нь хүйсийн тэгш байдлыг хангах явдал. Энэ суурь асуудлаар улс төрийн намын дотоод ардчилал, олон талт бодлого, үзэл баримтлалын чигч байдлыг хангаж, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах шат дараатай үйл ажиллагааг хуулийн дагуу авч хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгааг онцлоод Улс төрийн намын тухай хуулийн гол үзэл санааг ингэж ойлгож хэрэгжүүлэх нь зүйтэй гэв.
Монгол Улсын Их Хурал 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан билээ. Ингэхдээ улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүл бүх түвшний харилцаанд жендэрийн тэгш байдлыг алдагдуулахгүй байхыг хуульчилж тодорхойлсон. Ирэх долоо хоногт Улсын Их Хурлаар Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд хуулиуд хоорондоо уялдаж байж нэг цогц систем болж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн амилах юм гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар яриандаа онцоллоо.
Мөн эрүүл нийгмийг цогцлоох үйлсэд жендэрийн тэгш байдлыг хангах нь амин чухал болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн. Ийм ч учраас Тогтвортой хөгжлийн гол зорилтын нэг нь жендэрийн тэгш байдлыг хангах явдал байдаг гэсэн юм🚻🚻🚻
Уулзалт үндсэн илтгэлүүдээр үргэлжилж, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг Улс төрийн намын тухай хуульд тусгасны ач холбогдол, үр нөлөө сэдвээр илтгэл танилцуулав. “Улс төрийн нам бодлого үйл ажиллагаандаа жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэхийн ач холбогдлыг олон улсад: 1. Олон нийтийн дунд намын нэр хүнд, байр суурийг бэхжүүлнэ, 2. Намын бодлого, үйл ажиллагааны цар хүрээг тэлнэ, 3. Намын сонгуулийн болон сурталчилгааны стратегийн үр дүнг бататгана, 4. Төсвөөс нэмэлт санхүүжилт авах боломж бүрдэнэ, 5. Намын гишүүнчлэл буурахаас сэргийлнэ хэмээн тодорхойлж байна. Тиймээс улс төрийн нам нь бүх төвшиндөө жендэрийн талаар нэгдсэн ойлголт, мэдлэгтэй болох, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тусгайлсан бодлогын баримт бичгийг баталж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатайг дурдав. Түүнчлэн Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Жендэрийн үндэсний хороо нь улс төрийн намуудаас тайлан татахын сацуу тайлангийн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, тус дүгнэлтэд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо нь зөрчлийг арилгуулах чиглэлд улс төрийн намуудтай хамтран ажиллах юм” гэдгийг онцоллоо.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Улс төрийн намын тухай хуульд туссан жендэрийн эрх тэгш байдлыг хангах зохицуулалт болон улс төрийн намын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах талаар илтгэл танилцуулж, 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуулийн дүнд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүд бөгөөд эзлэх хувь 1992 онд 3 (3.9%) байсан бол 2020 онд 13 (17.1%) болж өссөн байна. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүх оролцогч талууд ялангуяа улс төрийн намуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгаа талаар танилцуулав.
Монгол Улсын Их Сургуулийн багш, жендэрийн үндэсний шинжээч Др.Проф. А.Солонго: илтгэлийнхээ хүрээнд жендэрийн статистикийн мэдээллийг олон нийтэд түгээх нь жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулахад чухал нөлөөтэй бөгөөд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үүрэг, нийгэмд оруулах хувь нэмрийг зөвөөр тайлбарлах гэр бүл, ажлын байран дахь үүргийн хуваарилалтад жендэрийн шинэ тэнцвэрийг бий болгох шийдвэр гаргах байр суурийг илэрхийлдэг болохыг дурдсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан нам: Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг анхаарч, дагаж гарах журмын тухай хуулиудад ойлгомжтой байдлаар тусгах талаар; Монголын Социал Демократ нам: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг Монгол Улсын онцлогт тохируулан авч үзэх, шийдвэр гаргах түвшинд олон талт төлөөллийг нэмэгдүүлэх талаар; Хамуг Монголын Хөдөлмөрийн нам: Жендэрийн үндэсний хороонд тайлан хүргүүлэх асуудлаар; ХҮН нам: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар тус намын баримталж буй бодлогын талаар; Монголын хүний төлөө нам: Хүний эрх жендэрийн чиглэлээр соён гэгээрүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулах, эрэгтэй, эмэгтэйчүүдийн асуудлыг эн тэнцүү авч үзэх шаардлагатай талаар; Монгол Ардын нам: Жендэр гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад улс төрийн намуудын оролцоо, манлайлал чухал талаар тус тус байр сууриа илэрхийлэн, асуулт асууж, хариулт авлаа.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency