“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” 19 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-16

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” уулзалтыг гишүүдийн саналаар үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо. Ингэхдээ Ажлын албанаас гишүүдэд үндэсний хэмжээний үр дүн, ач холбогдол бүхий мэдээлэл танилцуулах байдлаар зохион байгуулах юм.

Ээлжит цахим уулзалт 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, Улс төр судлаач Д.Оргил: “Улс төрийн намын жендэрийн өөрийн үнэлгээ” сэдвээр мэдээлэл танилцуулав. Монгол Улсад жендэрийн өөрийн үнэлгээ хийсэн нийт 12 улс төрийн нам байгаа бөгөөд Олон улсад ЕАБХАБ-ын “Улс төрийн намын жендэрийн өөрийн үнэлгээ”, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Оролцоонд суурилсан жендэрийн аудит”, АНУ-ын Үндэсний Ардчиллын хүрээлэнгийн “Эмэгтэйчүүдтэй хамт ялах нь буюу 21-р зуунд тэгш оролцоотой намыг төлөвшүүлэх нь” гэсэн 3 төрлийн аргыг түлхүү ашиглан намын жендэрийн өөрийн үнэлгээг хийдэг гэв. Түүнчлэн жендэрийн үнэлгээг хийснээр хүйсийн эрх тэгш байдлыг хангах хөшүүрэг бий болох, тэгш бус байдал, саад бэрхшээлийг илрүүлэх, намын гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах, ахиц дэвшлээ үнэлэх механизм бүрдэх зэрэг олон ач холбогдолтойг онцолсон юм.

Танилцуулгатай холбогдуулан Эрдэмтэн судлаачдын бүлгийн ахлагч С.Түмэндэлгэр: намын жендэрийн өөрийн үнэлгээний асуултын талаар, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва: орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарын түвшинд хуульд заасан хүйсийн квот хангагдахгүй байгаа бөгөөд үүнд улс төрийн намын манлайлал чухал, цаашид намуудын манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар тус тус асуулт асууж хариулт авлаа.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency