ХӨВГҮҮД, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ, ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛД САНАЛ НЭГДЭВ 

2023-11-03
Жендэрийн үндэсний хороо нь Үндэсний Статистикийн хороотой хамтран 2019-2020 онд Монгол эрэгтэй хүний дундаж наслалт, амьдралын чанарт нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, соёл, зан үйлийн шалтгааныг илрүүлэх суурь судалгааг хийж, уг судалгаанд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 99 дүгээр захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)-г батлуулж, салбар дундын хамтын ажиллагааны оролцоотойгоор хэрэгжилтийг хариуцаж ажилласан.
Тус төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг боловсруулж, үнэлгээ хийсэн байдлаар энэ оны 7 дугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлж ажилласан. Төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлууд Ковид цар тахал болон бусад тодорхой шалтгааны улмаас хэрэгжилт хангалтгүй, 68 хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэн.
Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаанаар тус төлөвлөгөөнд тусгагдсан хангалтгүй хэрэгжсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлийг Хорооны гишүүд, Жендэрийн салбар зөвлөл, хороодод даалгасны дагуу, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахаар үүрэг хүлээсэн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж, цаашид уг төлөвлөгөөг 4 жилээр батлуулан, үргэлжлүүлэн хамтран ажиллахаар хэлэлцлээ.
21 аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл цахимаар оролцож Нийслэлийн 6 дүүрэг танхимаар алслагдсан 3 дүүрэг цахимаар оролцлоо.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency