Хорооны Жендэрийн салбар зөвлөл

6.1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хороо нь аймаг, нийслэлд салбар хороо, төрийн захиргааны төв байгууллагад салбар зөвлөлтэй байна.
6.2. Салбар хороог тухайн шатны Засаг дарга, салбар зөвлөлийг яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь батална.
6.3. Салбар хороо нь тухайн аймгийн сум, нийслэлийн дүүрэг, хороонд дэд салбар хороо, салбар зөвлөл нь харьяа байгууллага, агентлагт дэд салбар зөвлөл байгуулж ажиллана.
6.4. Салбар хороо, зөвлөлийн бүрэлдэхүүн нь холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллага, агентлаг болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.
6.5. Салбар хороо, зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжид болон тухайн шатны Засаг даргын Тамгын газарт жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна.
6.6. Салбар хороо, зөвлөл болон дэд салбар хороо, зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын үлгэрчилсэн загварыг хорооны Ажлын алба боловсруулж мөрдүүлнэ.
6.7. Салбар хороо, зөвлөл нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд эрхэлсэн салбарын хэмжээнд болон харьяа нутаг дэвсгэртээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, хөгжлийн зорилтот хөтөлбөр, хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.
6.8. Салбар хороо, зөвлөл нь тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг зохих шатны төсөвт тусгуулах арга хэмжээ авна.
6.9. Салбар хороо, зөвлөл нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг Үндэсний статистикийн хорооноос баталсан албан ёсны маягтаар болон бичгээр дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор багтаан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанд хүргүүлнэ. Тайланд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19.1.8, 19.1.9-д заасан мэдээллийг бүрэн тусгана.
6.10. Салбар хороо нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, салбар зөвлөл нь асуудал эрхэлсэн салбарын сайдад ажлаа тайлагнана.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency