“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРАВ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит цахим уулзалт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн: Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээг танилцуулж; эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн авлигад хандах хандлага харилцан адилгүй байдаг бөгөөд жендэр болон авлигын гэмт хэргийн нөлөө, холбоо хамаарлыг ойлгох нь цаашид нь авлигатай тэмцэх тогтолцоо болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм.
Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа: Авлига авах эсэх эрсдэлийн хүлээлтийн хүйсээр ангилсан судалгааг хийх шаардлагатай талаар; Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг: Авлига нь бүх нийтэд хамааралтай асуудал учир нэг байгууллагад хариуцуулахгүйгээр салбар дундын хамтын ажиллагаатай болгож, үүрэг хариуцлагыг тодорхой болгох талаар тус тус асуулт асууж, саналаа илэрхийллээ.
Авлигатай тэмцэх газраас авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих орчныг бий болгох зорилгоор Удирдлагын академиас эрхлэн гаргасан “Авлигаас ангид төрийн алба” цахим сургалтын модулийг олон нийтэд түгээх, төрийн албан хаагчдыг идэвхтэй хамруулах чиглэлд хамтарч ажиллахаар боллоо.