“ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ЯАМДЫН ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛД ТАНИЛЦУУЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА”
Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангийн төслийг ЗГХЭГ-тай хамтран Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны жендэрийн салбар зөвлөлд танилцууллаа.
Энэхүү тайлан нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах удирдлага зохион байгуулалт, тогтолцоо, манлайллын чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийх чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, санхүүгийн удирдлагын ажлын явц, үр дүн; жендэрийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээрх ажлын явц, үр дүн; жендэр судлалыг хөгжүүлэх чиглэлээрх ажлын явц, үр дүн болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах сургамж ба сорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус багтаасан.
Тус яаманд хүргэх ерөнхий зөвлөмж нь:
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг салбар, орон нутгийн бүх шатны байгууллагуудад нэвтрүүлэх, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөлт хийх процессыг төсвийн санал боловсруулах үйл явц, циклтэй уялдуулах;
Салбарын жендэрийн статистик мэдээллийг төлөвлөсөн хугацаанд цуглуулж нэгтгэх, хянах, үнэлэх, боловсруулах, тайлагнах чадавхыг бэхжүүлэх, хүйсээр ангилагдсан мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.