“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРВАН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит цахим уулзалт 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа: Асрахуйн эдийн засгийн ойлголт, асрахуйн зохистой бодлогын үр нөлөө, Олон улсын сайн туршлага, зөвлөмж чиглэлийн талаар танилцууллаа. Мөн эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт 76.2% буюу эрэгтэйчүүдээс 3.2 дахин их цаг зарцуулдаг, мөн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний дэд бүтцийг байгуулж, чанар хүртээмжийг нэмэгдүүлснээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 3 их наяд доллароор нэмэгдэж, 43 сая ажлын байрыг бий болгодог гэсэн Дэлхийн эдийн засгийн форумын судалгааны үр дүнг онцолсон юм.
Хараат бус судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Л.Цэлмэгсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-нд тусгагдсан байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, жендэрийн тэгш оролцоотой бизнесийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавх бэхжүүлэх чиглэлээр хийсэн судалгаанууд, мөн 2023 онд МҮХАҮТ-аас шалгаруулсан Топ-100 аж ахуйн нэгж байгууллагаас түүвэрлэн 72 байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар баримт бичгийн судалгаа хийсэн талаар танилцуулав. Цаашид дээрх судалгаануудын үр дүнг олон нийтэд танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахад хорооны гишүүдийн хамтын ажиллагаа, дэмжлэг чухал байна гэв.