“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРВАН ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит цахим уулзалт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү: Салбарт баримталж буй жендэрийн бодлого, стратеги, Хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулж, цаашид Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг /шинэчилсэн найруулга/ хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг эрэгтэйчүүдийн оролцоотойгоор бууруулах чиглэлд Хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолсон юм.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал: Хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн эрх мэдэл, нийгмийн шударга ёсны төлөө хэрэгжүүлж буй хөтөлбөр, хэлэлцүүлэг, сургалт, хөдөлгөөн, чуулганы талаар танилцуулсан бөгөөд “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” орон нутгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалтыг зохион байгуулж, нийт 2136 төлөөлөгчийг хамруулаад байна гэв. Цаашид бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг зээлд хамруулах; хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт; “Цалинтай ээж”-ийн нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлэх; СӨБ, хүүхэд харах үйлчилгээг хүртээмжтэй болгох гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.
Танилцуулгатай холбогдуулан Хүний эрхийг хангах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Болорсайхан: Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг батлуулах, Хүүхэд хамгааллын тогтолцоог үр дүнтэй болгох, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний талаар; Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид: Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаар; Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: хүчирхийлэлд өртөж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэх талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.