“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-2024” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

2024-03-06

Өнөөдөр /2024.03.05/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооноос “гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт-2024” үндэсний чуулганд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого,  эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын байрны талаар танилцууллаа. Монголын хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс хол зөрүүтэй. Гэхдээ эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлийн цалин хөлсгүй хэсэгт төвлөрөн ажиллаж байна.Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд гэрийн ажил болон асаргаа сувилгааны ажилд 2 дахин их цаг зарцуулдаг бөгөөд хөдөлмөрийн зах зээл дээр албан ёсны цалинтай ажил хийдэг болсон ч дээрх цаг буурдаггүй байна.

Эмэгтэйчүүдийг ажиллах хүчинд нэгдэн орохыг (ялангуяа цалин хөлстэй ажилд) дэмжсэн, “нөхөн үржихүй”-н жилүүдэд үргэлжлүүлэн ажиллах, хүүхэд төрүүлсний дараа хөдөлмөрийн зах зээлд эргэн орохыг нь дэмжсэн бодлогууд шаардлагатай байна. Хүүхэд асаргаа ба уян хатан ажлын цагтай холбоотой бодлогууд байгууллагууд хэрэгжүүлж эхлэх боломжтой.Жендэрийн эрх тэгш байдал нь насны бүлгүүд, хотод юмуу хөдөөд оршин сууж байгаагаар ялгаатай гардаг. Хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг Монгол Улсын хувьд эдгээр үзүүлэлт бүр ч чухал юм. Хөдөлмөрийн насны (15-65 насны) эмэгтэйчүүдийн 44 хувь, эрэгтэйчүүдийн 46 хувь нь 30-с доош настай байна.

Монгол Улсад боловсролтой эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд дутаагүй харин шаардлагатай ур чадвар эзэмшсэн хүмүүс дутагдалтай. Цалингийн жендэрийн ялгааны үзүүлэлт 0.18 байгаа нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүд 1.2 дахин их цалин авч байгааг харуулдаг. Эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн ажлыг зах зээл ялгаатай үнэлж байгаатай холбоотой байна. Эрт тэтгэвэрт гарах нь ахимаг насны эмэгтэйчүүдийн оролцооны түвшинд нөлөөлж, тэдний албан тушаал, өндөр насны тэтгэвэр, ядуурлын асуудалд сөрөг үр дагавартай байна. Ажлын байран дах жендэрийн алагчлалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, бүх нийтэд ашиг тустай бизнесийг дэмжих орчинг сайжруулах шинэлэг хандлага дутмаг гэдгийг дурьдлаа.

Арга хэмжээнд аймаг, нийслэл, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороодын Эмэгтэйчүүд, залуучуудын хорооны гишүүд, төлөөлөгчид болох 308 эмэгтэй оролцож буй тус чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэр гаргах түвшний байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх аж. Чуулганы үеэр ажиллах хүчний оролцооны 58 хувийг эмэгтэйчүүд, 66 хувийг эрчүүд эзэлж байгаа бол боловсрол, эрүүл мэндийн салбар, жижиг дунд бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь, кранистуудын 80 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг оролцогчид онцолж чуулганаас гаргасан саналыг үр нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд оролцогч талуудын идэвх, санаачилга чухал болохыг тодотгож байлаа.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency