ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ АЯНЫ ХҮРЭЭНД БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жендэрийн Үндэсний хорооноос зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аянд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, 014, 119, 120, 326 ангийн албан хаагчид нэгдэж, хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн О.Буянаа, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг, Олон нийтийн жендэрийн боловсрол, соён гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Баянзул, сургагч багш Н.Ганзориг нар Хуурай замын цэргийн нэгтгэл, 5 ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч, хугацаат албаны дайчдыг хамруулсан лекц, бүлгийн сургалтыг зохион байгууллаа.
“Жендэр”, “Жендэрийн хэвшмэл ойлголт гэж юу вэ“, “Жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрт тавигдах шаардлага”, сэдвээр лекц, “Хүйс ба жендэр”, “Жендэрийн тэгш байдал ба шударга ёс”, “Бодит мэдээлэл үү? нийгмийн хандлага уу?”, “Эрэгтэйчүүдийн хуучин ба шинэ дүрэм”, “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ташаа ойлголтыг залруулах нь” сэдвүүдээр бүлгийн сургалт зохион байгууллаа.
Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа:
-Манай хорооноос Харилцан хүндэтгэе аяныг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж энэ удаад бид “Харилцан хүндэтгэе” аяныг “Харилцан хүндэтгэж, тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байна. Засгийн газрын яамдууд энэхүү аянд идэвхтэй нэгдэж, бүрэлдэхүүнээ аль болох өргөн хүрээнд хамруулдаг. Тэр дундаа Батлан хамгаалах яамнаас энэ жил тусгай төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх ажлын дараалал гаргасан явдалд талархаж байна. Батлан хамгаалах яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу өнөөдрийн сургалтыг Зэвсэгт хүчний 016, 014, 119, 120, 326 дугаар ангийн 100 гаруй бүрэлдэхүүнд амжилттай зохион байгууллаа. Оролцогчдын идэвх маш өндөр байсанд талархаж байна. Өнөөдрийн нийгмийн хандлагыг харахад соён гэгээрүүлэх ажил маш их чухал. Эргэн тойрондоо шударга ёсыг тогтоож, амьдралын чанарыг дээшлүүлж, зөв дадал хэвшилтэй иргэнийг бэлтгэхэд ярьж хэлж ойлгуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Зэвсэгт хүчнийхэн өнөөдрийн сургалтаар л ингээд орхилгүйгээр дотооддоо улам эрчимжүүлээсэй гэж хүсэх байна.
Жендэрийн Үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг:
-Өглөө ирэнгүүт нэгэн зүйл нүдэнд тусаж сайхан сэтгэгдэл төрүүллээ. Тэр нь Хуурай замын цэргийн командлал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандарт шат, зам талбайг бүтээсэн байна. Энэ бол хүний эрхийн мэдрэмжтэй байгаагийн нэг илрэл. Цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагаа нь сахилга баттай, эмх цэгцтэй, нарийн дүрэм журмаар хэрэгждэг нь магадгүй нийгэмд сөрөг ойлголт төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй, иймд цэргийн албаны онцлогийн талаарх мэдээллийг олон нийтэд зөвөөр ойлгуулдаг байгаасай хэмээгээд бид хүүхдүүдээ ирээдүйн амьдралд бэлтгэх үүрэгтэй тул эцэг, эхчүүд маань ажил ар гэрийн тэнцвэрийг ханган гэр бүл, үр хүүхдүүддээ цаг гаргадаг, ангийн удирдлага, дарга нар нь ойлгож дэмждэг байгаасай хэмээн онцоллоо.
ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн хошууч Б.Золжаргал:
-“Жендэрийн талаар Батлан хамгаалах салбарт баримтлах бодлого” баримт бичиг 2020 онд батлагдсан. Энэхүү баримт бичгийн дагуу Батлан хамгаалах яаманд Жендэрийн салбар зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штабт Жендэрийн орон тооны бус дэд зөвлөл байгуулагдсан. Төрийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл ангиуд ч мөн ялгаагүй дэд зөвлөлтэй. Дэд зөвлөлийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр ахалж байгаа бөгөөд мэргэжлийн багш нарыг урьж “Жендэрийн мэдрэмжтэй байгууллага”-ын чиглэлд хэд хэдэн сургалт зохион байгуулсан, Өнөөдрийн арга хэмжээ ч гэсэн энэ ажлын нэг хэсэг нь. Мөн нийгмийн хамгааллыг нь дээшлүүлэх, соён гэгээрүүлэх гээд олон ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. “Жендэр гэдэг нь энгийнээр хэнийг ч ялгаварлахгүйгээр тэгш харьцана гэсэн ойлголт” гэлээ.
Арга хэмжээний төгсгөлд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал үр өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал дэвшүүлж, цаашдаа илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа уламжилсан юм.
Мөн энэ үеэр сургалтад хамрагдсан алба хаагчид анх удаа жендэрийн талаарх ойлголт ажлын байрны мэдрэмжтэй байх асуудлын талаар сургалт авч байна гэдгийг онцоллоо. Сургалт маш их таалагдсан хэмээгээд, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт тус салбарт хэрхэн хэрэгжсэн сайн туршлагаа танилцуулав.
Тухайн анги нэгтгэлүүд эко ногоон орчин бүрдүүлж хүүхдийн өрөө, алба хаагчдын амралтын өрөө, хурлын заал дотоод орчин ширээний теннис, фитнес өрөөг тохижуулж ажлын байр дээр амт чанартай эрүүл хоол талоноор авч үйлчлүүлж, ар гэр, амьдралын тэнцвэр хангах үүднээс орон байрны асуудал, ажилчдын унаа, эцэг, эхэд хүүхдийн төрсөн өдөөр нь цалинтай чөлөө олгох, СӨБ эзэмшүүлэх ажлын ойр улсын цэцэрлэгт хамруулж ажиллах ажлын таатай орчин бүрдүүлж өгсөн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлсэн юм.