ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАХ, САНАЛ АВАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-29

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний төслийг 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн Жендэрийн салбар хороо, Засаг даргын тамгын газар болон түүний харъяа байгууллагуудын албан хаагчдад танилцуулах, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлсэн үгэндээ Жендэрийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хороо үндэсний хэмжээнд монгол эрэгтэйчүүдийн дунд эрэгтэйчүүдийн амьдралын чанарт хортойгоор нөлөөлж байгаа хүчин зүйлсийг илрүүлэх суурь судалгааг хийсэн, Дэлхийн банк эрэгтэйчүүдийн дунд хортойгоор нөлөөлж байгаа жендэрийн хэвшмэл ойлголтыг илрүүлэх чанарын судалгааг хийсэн. Дээрх судалгаа олон улсын байгууллагуудын хийсэн нөхцөл байдлын дүн шинжилгээнд үндэслэн монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, дундаж наслалтыг уртасгах зорилгоор “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний 2 жилийн төлөвлөгөөг боловсруулж,  2020-2022 онд үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн. Тус төлөвлөгөө нь хоёр жилийн хугацаанд хэрэгжиж, 68%-ийн гүйцэтгэлтэй, хангалтгүй гэж үнэлэгдсэн.

Иймд дээрх төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, монгол эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, чанартай урт наслалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг идэвхтэй, бүрэн хамруулж, тэдний амьдралын хэв маягийг зөв хандлагад чиглүүлэх, тусгайлсан төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөний дагуу,  тус төлөвлөгөөний хэрэгжилтийг дараагийн шатанд эрчимжүүлэх зорилгоор тусгайлсан төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг байгуулж, салбар дундын оролцоотой хэрэгжүүлэх “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-ний төслийг боловсруулж, өнөөдөр та бүхэнд танилцуулж, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Тус төлөвлөгөөний төслийг зөвлөх А.Амарбал танилцууллаа.

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency