ЖЕНДЭРИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН МОДУЛЬ БОЛОВСРУУЛАХАД ЖЕНДЭРИЙН ХУВЬСАЛ ӨӨРЧЛӨЛТИЙН АРГАЗҮЙГ НЭГТГЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас жендэрийн сургагч багшийг үе шаттайгаар тогтвортой бэлтгэх сургалтын агуулгыг “Жендэр ба Хөгжил” хандлагын хүрээнд тасралтгүй боловсронгуй болгох, жендэрийн дүн шинжилгээ, сайн туршлагад суурилсан кейс сургалтыг хөгжүүлэх, жендэрийн сургагч багшийн заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэхүйц сургалтын тогтолцоог бий болгох хүрээнд “Жендэрийн сургагч багш бэлтгэх 3 үе шат бүхий сургалтын стратеги”-ийг баримтлан ажиллаж байна.
Жендэрийн асуудлаарх үндсэн ойлголт өгөх, жендэрийн асуудлын хүрээг ойлгоход чиглэсэн 4 модуль бүхий анхан шатны сургалтын агуулгаар нийт 360, Жендэрийн дүн шинжилгээ хийх, жендэрийн асуудлаар бодлого боловсруулах, төлөвлөх ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн 3 модуль бүхий дунд шатны сургалтын агуулгаар 40 сургагч багш бэлтгэгдээд байна.
Сүүлийн буюу ахисан түвшний сургалтын агуулгыг боловсруулахаар ЖҮХАА ажиллаж байгаа бөгөөд тус модуль нь жендэрийн үнэлгээ хийх, жендэрийн асуудлаар бодлогын болон нөлөөллийн ажлын зөвлөмж боловсруулах, дүгнэлт бичих чадварыг эзэмшүүлэхэд чиглэх юм. Тус модулийн агуулгад жендэрийн хувьсал өөрчлөлтийн аргазүйг нэгтгэх чиглэлээр НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн оффисын Жендэр, хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Упала Девитэй хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын эхний өдөр оролцогчид жендэр трансформатив хандлагын талаар бүрэн ойлголттой болох, сургалтын хоёр дахь өдөр жендэрийн шинжээч мэргэжилтнүүдэд зориулсан ахисан түвшний сургалтын 6 модулийн агуулга хүрээ тус бүрт GTA-г хэрхэн нэвтрүүлэх хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Дашрамд дурдахад жендэрийн сургагч багш бэлтгэх ахисан түвшний сургалтын модулийг дараах агуулгын хүрээнд боловсруулахаар ажиллаж байна. Үүнд:
1. Хууль тогтоомж, тэдгээрийн төсөлд жендэрийн үнэлгээ хийх арга зүй
2. Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт хийх арга зүй
3. Бодлогын нийгэм, жендэрийн нөлөөллийн үнэлгээний аргачлал
4. Жендэрийн статистикийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах арга зүй
5. Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого төлөвлөлт, ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний практик арга зүй
6. Жендэрт суурилсан хүчирхийлэл: гэр бүлийн хүчирхийллийн тодорхой тохиолдол буюу кейст тулгуурласан шийдэл, аргачлал
Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.