ТОГТВОРТОЙ, ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-06-03

Дэлхий нийтээрээ байгалийн баялгийг үр ашигтай, хаягдал багатайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч байгаа билээ. Энэ зорилгын хүрээнд “дахин ашиглагдахуйц” бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэмнэлттэй, хүрээлэн буй орчинд ээлтэй эдийн засгийн шинэ загварт шилжиж байна.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарт энэ загварыг нэвтрүүлэх, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Жендэрийн үндэсний хорооны салбар зөвлөл болох Байгаль орчин, аялал жуучлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр тойрог эдийн засаг, ногоон технологийн талаарх мэдлэг, чадавхыг бэхжүүлэн жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилгоор Монгол Улсын аялал жуулчлалын салбарт “Тойрог эдийн засаг ба ногоон бизнесийн чиглэлд бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зөвлөх үйлчилгээ”-ний төслийг IRIM, ToC Холбоо, Хөгжлийн шийдэл ТББ хамтран хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалын салбарын 2030 он хүртэлх замын зургийн зөвлөмжийг боловсруулах зорилготой ажлын хэсгийг бүрдүүлж, ажлын хэсгээс гарсан баримт бичгийг илүү өргөн хүрээнд, олон талт оролцогч талуудад танилцуулж Монгол Улсын Ногоон аялал жуулчлалын замын зургийн зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байна.
Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, ЖҮХАА, бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллага болон жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцож ажиллаа.
Аялал жуулчлалын салбарын тогтвортой, ногоон санхүүгийн боломжуудын талаар бодлогын хэлэлцүүлэг 5 дугаар сарын 31-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
“Тогтвортой, жендэрийн мэдрэмжтэй аялал жуулчлалын салбарын бодлогын хэлэлцүүлэг” болж, аялал жуулчлалын холбоод, салбарын оролцогч талууд, банк санхүү болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдээс бүрдсэн ажлын хэсгүүдийг үүсгэн, нийт таван удаагийн уулзалтын үр дүнгээ бататгалаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн гол сэдвүүд:
• Аялал жуулчлалын салбарын бодлогын дэмжлэг болон зээлийн хөтөлбөр;
• Тогтвортой аялал жуулчлалын гэрчилгээжүүлэлт болон стандарт;
• Тогтвортой аялал жуулчлалын салбарын жендэрийн асуудал болон;
• Аялал жуулчлалын салбарын хог хаягдлын менежментын сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөлөө.
Цаашдын алхмууд: Бодлогын хэлэлцүүлэг маань аялал жуулчлалын салбарт ногоон, тогтвортой үйл ажиллагааны стандарт, бодлогын зохицуулалтыг нэвтрүүлэх том ажлын эхлэл болж байна.
Энэ салбарын цаашдын ногоон үйл ажиллагаа, санхүүжилтийн боломжийг нээх бодлогын зөвлөмжийг БОАЖЯ, бусад экспертүүдтэй хамтран эцэслэж салбарын мэргэжилтнүүдэд хүргүүлэх болно.
Мөн ирэх саруудад тогтвортой, жендэрийн мэдрэмжтэй аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой туршлага судлах аялал болон олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулж, туршлага суралцахаас гадна төслийн хүрээнд бий болсон ололт амжилтуудаасаа дэлхий нийттэй хуваалцахаар ажиллах юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency