“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” 21 ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-12-03

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” цахим уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Ээлжит уулзалт 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж,  Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: “Хорооны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ажлын албанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, анхаарч буй чиглэл (III улирлын байдлаар)”-ийг танилцууллаа.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: “2024 оны УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүн ба хүйсийн харьцаа” сэдвээр мэдээлэл танилцуулж, Монгол Улс 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүдийн 25,4%-ийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг онцлоод цаашид энэхүү ахиц дэвшлийг хадгалан үргэлжлүүлэхийн тулд улс төрийн намуудын манлайлал, төлөвшил чухал байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Б.Чулуундолгор: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх, тус асуудлаар сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга Б.Баатар: “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-ний талаар асуулт асууж, хариулт авлаа.

Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоол  болон 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хүний нөөцийн асуудал хариуцсан дэд дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Стандарт хэмжил зүйн газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны тэргүүн нэмэгдсэнээр нийт 41 гишүүн, үүнээс эрэгтэй-20, эмэгтэй-20 болж өөрчлөгдөөд байна. /Нэг байгууллагын холбогдох албан тушаалтан томилогдоогүй/

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency