“ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ”-Г ХЭРЭГЖҮҮЛЭХЭД УДИРДЛАГА БОЛГОХ ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2025-05-05

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 07 дугаар зүйлд заасан эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах “тусгай арга хэмжээ”-г хэрэгжүүлэхэд удирдлага болгох зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн уулзалт 2025 оны 05 сарын 05-ны өдөр боллоо.

Уулзалтыг Хууль, зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Мягмар нээж, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээ”-ний талаарх олон улсын ойлголт, тодорхойлолт, хэрэгжилтийн сайн туршлагын талаар танилцууллаа.

Мөн Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд тусгай арга хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, саналыг мэдээллээ.

Уулзалтын үеэр ажлын хэсгийн төлөвлөгөөний төслийг танилцуулж, оролцогчдоос санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн тусгай арга хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх талаарх олон улсын болон үндэсний туршлага, холбогдох бодлогын баримт бичгийн агуулга, боловсруулах шаардлагатай зөвлөмжийн бүтэц, хүрээг тодорхойлох асуудлуудын талаар санал солилцов.

Уулзалтад ажлын хэсгийн гишүүд, Хууль, зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтсийн дарга нар, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба болон үндэсний шинжээчид оролцсон юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency