МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨРИЙН ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр /2025.12.03/ зохион байгууллаа.
Ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, ЖҮХороо, салбар хороо болон зөвлөлийн төлөөлөл, Монгол Улсад суугаа элчин сайд нарын төлөөлөл, Хөгжлийн түншлэгч Олон Улсын байгууллагууд, ТББ, ИНБ, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн хүндтэй эрхмүүд, зочдоос бүрдсэн 250 гаруй хүн оролцов.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлт МУУГЗ Д.Баярбаатарын дэглэлт “Салхит шувуу” Үндэсний урлагийн их театрын бүжигчдийн тоглолтоор эхэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нээж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатарын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Одсүрэн, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх Б.Хулан тус тус уншиж сонордуулсан.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш “30 ЖИЛИЙН ЗАМНАЛ – ӨСӨЛТ БА ХӨГЖИЛ” үндсэн илтгэлийг танилцуулж жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлст хүчин зүтгэж хувь нэмэр оруулсан бүх хүмүүст болон Жендэрийн үндэсний хорооны үе үеийн дарга, орлогч дарга нар, нарийн бичгийн дарга гишүүд, Ажлын албаны хамт олон, жендэрийн салбар зөвлөл, хорооддоо болон жендэрийн үндэсний шинжээч, судлаач, зүтгэлтэн жендэр хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагууд, олон улсын түншлэгч байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 174 дүгээр зарлигаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоог үүсгэн бий болгох, үйл ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан Жендэрийн зөвлөх Б.Оюун, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны техникийн зөвлөх Т.Амгалан, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Д.Энхжаргал, Б.Онон, Монголын Эрэгтэйчүүдийн холбооны үүсгэн байгуулагч Д.Бадамцэцэг нарыг “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”, Жендэрийн үндэсний шинжээч Г.Ганбаясахыг “АЛТАН ГАДАС” одон, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг, Жендэрийн үндэсний хорооны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн Олон улсын гэрээ конвенц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Нандинтүшиг нарыг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатарын захирамжаар Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоог үүсгэн бий болгох, үйл ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Азийн Хөгжлийн Банк, Баянхонгор аймгийн жендэрийн салбар хороо тэргүүтэй байгууллагууд болон Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх шинжээчдийн бүлгийн Жендэрийн үндэсний шинжээчид, эрхэм хүндтэй хүмүүст талархлын батламж гардууллаа.
Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, ЖҮХ-ны дэд дарга асан Б.Долгор, ЖҮХ-ны Ажлын албаны дарга асан М.Болормаа, ЖҮХ-ны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, ЖҮХ-ны дэргэдэх Эрдэмтэн судлаачдын бүлгийн ахлагч С.Түмэндэлгэр, Монфемнет Үндэсний сүлжээний зохицуулагч Д.Энхжаргал нар Баярын мэндчилгээ дэвшүүлж сэтгэгдлээсээ хуваалцсан бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлст хүчин зүтгэж хувь нэмэр оруулсан бүх хүмүүст болон Жендэрийн үндэсний хорооны үе үеийн дарга, орлогч дарга нар, нарийн бичгийн дарга гишүүд, Ажлын албаны хамт олон, жендэрийн салбар зөвлөл, хорооддоо болон жендэрийн үндэсний шинжээч, судлаач, зүтгэлтэн жендэр хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагууд, олон улсын түншлэгч байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархалаа илэрхийлсэн юм.