ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЛЭЭ
Жендэрийн үндэсний хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) төслийн хүрээнд Төрийн бус байгууллагуудад зориулан “ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ГАРЫН АВЛАГА”-ыг эрхлэн гаргалаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг төлөвлөх, түүний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд ИНБ-ын оролцоог хангах нь олон талын ач холбогдолтой.
1. Төрийн хэрэгжүүлэх зарим чиг үүргийг ИНБ-аар гүйцэтгүүлснээр илүү туршлагажсан хүний нөөцийг дайчлан ашиглах боломжийг олгодог.
2. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцын гадна, шууд оролцдоггүй ИНБ-ыг бодлогын үйл явцад татан оролцуулснаар орхигдсон асуудалд анхаарал хандуулах, хэрэгжилтийн үр дүнг сайжруулах дуу хоолойг нь сонсох, нийтийн хэрэгт олон талт ашиг сонирхол, олон ургальч хандлагыг нэвтрүүлэх боломжийг олгодог.
3. ИНБ-ын туршлагаас суралцах, тэдний хуримтлуулсан сайн туршлагыг нэвтрүүлэх,
4. ИНБ-ыг чадавхжуулах, төрийн бодлого, үйл ажиллагаатай холбох, тогтвортой хамтран ажиллагаа бүхий болоход эерэг нөлөөтэй байдаг.
Иймээс үндэсний хэмжээний болон орон нутаг, салбарын бүхий л төрлийн бодлого, хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааны төлөвлөлтөд жендэрийн эрх тэгш байдлыг хангахаар анхаарах, хэрэгжилтийн шатанд хэр зэрэг үр дүнтэй, үр нөлөөтэй хэрэгжиж буйг тодруулах Хяналт шинжилгээг гүйцэтгэх ИНБ-ын практик чадамжийг хөгжүүлж төлөвшүүлэхэд дэм үзүүлэх гарын авлага, аргачлалаар хангаж чадваржуулан сургах шаардлага тулгараад байна.