Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, төслийн хяналт үнэлгээний баг Төв аймгийн Зуун мод хот болон Баянчандмань суманд ажиллалаа

2026-04-09
Жендэрийн үндэсний хороо нь 2026 оныг “Орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг эрчимжүүлэх жил” болгон зарлаж орон нутгийн анхан шатанд хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд Ажлын албаны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа, төслийн зөвлөх багийн ахлагч Н.Болдмаа нарын холбогдох төлөөлөл Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, сумын жендэрийн дэд салбар хорооны хуралд оролцлоо. Хурлыг сумын ЗДТГ-ын дарга А.Мөнхтуул удирдлаа. Дэд салбар хорооны хурлаар сум, багийн түвшинд боловсрол, эрүүл мэнд, соёл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээнд тулгарч буй жендэрийн асуудлууд, малчдын хүйсийн харьцаа, тэрдундаа гэрлээгүй залуу малчдын 80 гаруй хувь нь эрэгтэй малчид байгаа талаар хөндөж, цогц бодлого шаардлагатай байгааг гишүүд онцоллоо.
Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байгаа юм.
🔹️Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон юм.
🔹️Өнөөдөр ажлын алба, төслийн зөвлөх багтай хамт Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд сонгогдож 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг авсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ажлын явц, үр дүнтэй танилцаж, баримтжууллаа.
Тэтгэлгийг тус сумын “Баян 2” бүлэг хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаанд, Б.Үүрийнцолмон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр барьж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тус тус авч, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, сав баглаа боодлоо сайжруулснаас гадна санхүү бизнес, маркетингийн иж бүрэн менторын үйлчилгээнд хамрагдсан юм. Б.Үүрийнцолмон цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүнээрээ аймаг, улсын үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, өөрийн брэнд бүтээгдэхүүнээ худалдаалж ашиг орлогоо нэмэгдүүлж ахиц дэвшилтэй байна.
“Баян 2” бүлгийн хувьд цаашид нөхөрлөл, хоршоо хэлбэрээр ажиллах боломжийг судалж хэрэгжүүлэх зөвлөмжийг хянал-шинжилгээ, үнэлгээний зөвлөх багаас өглөө.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency