Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, _Сонгуулийн Ерөнхий Хороо хамтран “Улс төрийн намын үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдлын тайлан” боловсруулах техник арга зүйн сургалтыг нийт улс төрийн намуудын төлөөллийг хамруулан зохион байгууллаа

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд 2023 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд
– “Намын үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдлын тайлан”-г Жендэрийн_ үндэсний_ хороонд жил бүр хүргүүлэх, Хороо нь холбогдох дүгнэлтийг боловсруулж, жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх үүрэгтэй.

Хорооны Ажлын албанаас Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудад дээрх тайланг ирүүлэх тухай албан мэдэгдлийг 2026 оны 01 дүгээр сард хүргүүлсэн. Намын шинэчилсэн бүртгэлийн процесс сунгагдсантай холбогдуулан Улсын Дээд Шүүхээс тайлан хүлээн авах хугацааг 2 удаа сунгасан. Одоогоор улс төрийн 7 нам хуульд заасан тайланг Хороонд ирүүлээд байна.

Тайлангийн ирц хэрэгжилт хангалтгүй байгаа тул намуудын төлөөлөл, холбогдох албан тушаалтнуудад хуульд заасан тайлан боловсруулах техник, арга зүйн сургалтыг ийнхүү зохион байгууллаа.

Сургалтаар Сонгуулийн Ерөнхий хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн “Улс төрийн намын тухай холбогдох зохицуулалтын шинэчлэл болон намуудын жендэрийн тайлангийн ач холбогдол”, МУБИС-ийн Улс төрийн тэнхимийн багш, улс төр судлаач, докторЭ.Гэрэлт-Од “Жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг Улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэх эрх зүйн шинэчлэл, ач холбогдол, үр нөлөө”, Жендэрийн үндэсний шинжээч, техникийн зөвлөх Т.Амгалан “Тайлангийн холбогдох маягт нөхөх, тайлан боловсруулах техник арга зүй” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл танилцууллаа.

Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас гаргадаг “Дэлхий дахины жендэрийн ялгаатай байдлын тайлан”-гаар 2025 онд дэлхийн 148 орноос 65 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оноос 20 байраар урагшилсан. Гэвч уг тайлангийн улс төрийн хүрээний үзүүлэлтээр 148 орноос 120-р байранд эрэмбэлэгдэж байгаа нь цаашид жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд анхаарах чухал асуудал хэвээр байгааг холбогдох төлөөллүүд сургалтын үеэр онцоллоо.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагаж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намууд нийгмийн олон талын төлөөллийг хангах, институцийнхээ хувьд дотоод ардчиллыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн төлөөлийг дэмжих, санхүүжилтийн хөшүүрэг бий болгох зэрэг цаашид шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш оролцоо, төлөөллийг хангахад чухал хувь нэмэр болсон. Түүнчлэн намууд жендэрийн тайланг боловсруулж хэвшсэнээр хүйсээр ангилсан өгөгдөл, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, бодлого, үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай төлөвлөх, төсөвлөх чадавх бэхжих боломж бүрдэнэ.
Намын жендэрийн тайлан бол зөвхөн хуулийн шаардлага, нийцлийг хангах босго биш харин намууд дотоод үйл ажиллагаагаа оношлоход туслах арга хэрэгсэл буюу багаж нь болох ёстой гэдгийг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш сургалтын үеэр онцоллоо.