“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДАМЖ” БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2026-07-06
🔷Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээг төлөвлөх, хэрэглэх, хэрэгжүүлэх удирдамж боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг ХЗДХЯ-тай хамтран зохион байгууллаа.
🔷Уулзалтыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, тус Ажлын хэсгийн ахлагч Б.Батбямба нээж хэлсэн үгэндээ, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэр дундаа хуульд заасан түр “Тусгай арга хэмжээ”-г хэрэгжүүлэх асуудал бол зөвхөн нэг яам, түүний харьяа агентлагийн хүрээнд шийдэгдэх салбарын төдий асуудал биш юм. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэгдсэн тусгай зохицуулалт бөгөөд энэ нь төр, хувийн хэвшлийн бүхий л шатанд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний эрхийг дээдэлсэн засаглалыг төлөвшүүлэхэд чиглэсэн салбар дундын стратегийн томоохон бодлого болохыг онцолсон.
🔷Уулзалтыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан бөгөөд ажлын хэсгийн үндсэн 14 гишүүнээс биечлэн 7 (үүнд: ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн ахлагч Б.Батбямба, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн захирал Д.Байгал, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг, ЖҮХ-ны Шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа), төлөөлж 6 (үүнд: ТАЗ, ЗГХЭГ, СЯ, ЭЗХЯ, БЯ, ГБХНХЯ) байгууллагын холбогдох албан тушаалтан, түүнчлэн холбогдох бусад яам, төрийн бусад төв байгууллага, ажлын албаны мэргэжилтэн, шинжээч, нийт 22 төлөөлөл оролцлоо.
🔷Уулзалтаар ЖҮХ-ны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Долгор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХтХ)-д заасан “Эмэгтэй, эрэгтэй хүний тэгш эрхийг хангах тусгай арга хэмжээ”-г авах хэрэглэх, хэрэгжүүлэх удирдамжийн төслийг танилцуулж, хэлэлцүүллээ. Танилцуулга мэдээлэлд тусгай арга хэмжээний төрөл хэлбэр, хэрэгжүүлэх салбар хүрээ, хэрэгжүүлэх байгууллага, анхаарах асуудал, цаашдын чиглэл, тусгай арга хэмжээний хэрэгжилтийн байдал, туршлага, сургамжийн талаар товч танилцууллаа.
🔷 Онцлон дурдахад, ЖЭТБХтХ-ийн 7 дугаар зүйлд заасан эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах асуудлаарх 4 хүрээ, үүнээс эх хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ нь байнгын шинжтэй, бусад хүрээ тохиолдол нь тэгш бус байдлыг үүсгэж буй тодорхой нөхцөл байдлыг шийдвэрлэж тухайн зорилго биелэгдмэгц зогсоох түр шинжтэй байдаг.
🔷Тус удирдамжийн төсөлтэй холбогдуулан оролцогчид тухайлбал ЭЗХЯ, Боловсролын яам, Удирдлагын академи, МҮЭХ болон ХЗДХЯ-ны төлөөлөл асуулт асууж, тусгай арга хэмжээний ач холбогдлыг тодотгосны зэрэгцээ хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, эрх зүйн орчны шинэчлэл хийх, хөдөлмөр эрхлэлтийн хүрээн дэх тусгай арга хэмжээг авах хүрээнд холбогдох зохицуулалтыг хамтын гэрээ хэлэлцээрт тусгах, Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж гарсан холбогдох аргачлалын шинээр боловсруулж буй төслүүдэд тусгай арга хэмжээг тодорхойлох шалгуурыг тусгах зэрэг саналыг хэлэлцлээ.
🔷🔷🔷Дээрх саналыг нэгтгэн удирдамжийн төсөлд тусган, сайжруулалт хийх, ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж дахин санал авах, Хорооны ээлжит хуралдаанаар танилцуулж, хэлэлцүүлэхэд бэлтгэх талаар тус тус зөвшилцлөө.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency