УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛГИЙН ДАРГА А.УНДРААТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-07
🔸Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, албаны төлөөллийн хамт УИХ-ын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраатай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
🔸Уулзалтад ЖҮХ-ны Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, жендэрийн шинжээч Б.Долгор, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр сонгогдсон жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаа болон Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав нар оролцов.
🔸Дашрамд дурдахад, Монгол Улсын Их Хурал 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар парламентын түүхэнд хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүдтэй болсон бөгөөд улмаар УИХ-д албан бус “Эмэгтэй гишүүдийн бүлэг”- ийг 2026 онд байгуулж, УИХ-ын гишүүн А.Ундраа ахлан ажиллаж байгаа юм.
🔶Уулзалтын үеэр Ажлын албаны дарга А.Адилбиш Жендэрийн үндэсний хорооны ээлжит хурлаар 2026 оныг “Орон нутгийн хөгжлийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах жил” болгон зарласныг тэмдэглээд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар яамдын хуулиар хүлээсэн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх үйл явц, түүний үр дүн, Улс төрийн намын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан улс төрийн намын жендэрийн эрх тэгш байдлын тайлан зэрэг асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
🔸Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)- ын Хороонд 40 жилийн дараа дахин төлөөлөлтэй болсны ач холбогдлыг талууд онцолж, дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг арилгах, жендэрийн эрх тэгш байдлыг ахиулах үйл хэрэгт Монгол Улсын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
💥Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх үйл явцад УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн манлайлал, оролцоо чухал болохыг талууд онцлон тэмдэглэлээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency