Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг өргөжүүлэх арга замын талаарх өндөр түвшний яриа хэлэлцээ” 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа

2026-08-18
Тус өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фауд болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуйн хэлтсийн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн үндэсний төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Керстин Хенке нар нээлтийн үг хэлэв.
Түүнчлэн Берний Их Сургуулийн Хөгжил болон байгаль орчны төвийн ахлах судлаач, Ирээдүйн Стратегийн Хүрээлэнгийн Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн гишүүн Ингрид Теш болон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Эдийн засгийн чадавхжуулалт хариуцсан Дэд дарга, Тогтвортой хөгжлийн бодлогын зөвлөх Вэнге Ньиронго нар төлөвлөгөөг боловсруулах суурь нөхцөл, олон талт туршлагын талаар мэдээлэл танилцууллаа.
Арга хэмжээний үндсэн хэсэг болох “Загасны хорго” (Fishbowl) хэлэлцүүлэгт Монгол Улсын Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Испани улсын Экологийн шилжилт, хүн ам зүйн сорилтын яамны Ойн бодлого, цөлжилтийн газрын Ерөнхий захирлын орлогч Эльза Энрикес Алькальде, Сенегал улсын Энда Энержи Байгаль орчны хөгжлийн газрын Байгалийн нөөцийн удирдлагын дарга Фатима Каба, TMG Research компанийн Газрын засаглал, Эмэгтэйчүүдийн газрын эрхийн санаачилгын ахлах судалгааны ажилтан Илзе Пелкманс болон Кени улсын Засгийн газрын төлөөлөгч нар оролцон Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг өргөжүүлэх Улаанбаатарын замын зургийг боловсруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорoн хэлэлцүүлгийн гол мессэж, зөвлөмжүүдийг нэгтгэн танилцуулж, Панам улсын Байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Дотоод бодлогын тусгай төлөөлөгчийн ажлын албаны дарга Эрика Гомез улс төрийн мэдэгдэл хийснээр арга хэмжээ өндөрлөв.

Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улс жендэрийн тэгш байдлыг цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудалтай уялдуулах чиглэлээр олон улсын түвшинд манлайлах, санаачилга гаргах боломжтойг харуулсан ач холбогдолтой арга хэмжээ болсон.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency