Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдөр жендэрийн хурлуудаар эхэллээ
Жендэрийн үндэсний хороо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар, Кашак хүрээлэн, Ландеса төв болон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага хамтран “Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний (GAP) хэрэгжилтийн мөрөөр ажиллах механизмыг бий болгох нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа.
Семинарыг нээж Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Чимгүүндарь үг хэллээ. Нээлтийн үеэр хууль эрх зүй, төсөв болон институцийн бүтцийн шинэчлэл хийх замаар жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг дэлхийн болон үндэсний хэмжээнд шийдвэртэй урагшлуулах ёстойг онцлов.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн дарга А.Ундраа жендэрийн тэгш байдлыг хууль эрх зүй, төсөв болон төрийн захиргааны бүтэцтэй уялдуулах улс төрийн манлайллын онцолж, олон улсын түншүүдийн дэмжлэгт талархал илэрхийлэхийн зэрэгцээ хөгжингүй орнуудыг богино хугацааны төслүүдээс илүү урт хугацааны бүтцийн өөрчлөлтөд хамтран хөрөнгө оруулахыг уриаллаа.
Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын доктор Биргуй Ламизана Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний анхны ахиц дэвшлийн үнэлгээ болон Замын зургийн 4.2 дугаар үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар илтгэл танилцууллаа. Семинарын хүрээнд жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг зөвхөн бодлогын баримт бичгээр хязгаарлахгүйгээр тодорхой шалгуур үзүүлэлт, хариуцлага, тайлагнал, чадавх бэхжүүлэх арга хэмжээтэй уялдуулах шаардлагатай талаар санал солилцов.
Семинарын үр дүн, зөвлөмжийг Хэрэгжилтийн замын зурагт тусгагдсан үйл ажиллагаатай уялдуулан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хяналт, хариуцлага, сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр явагдаж буй хэлэлцүүлэгт албан ёсны хувь нэмэр болгон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Жендэрийн бүлэг болон холбогдох талуудад хүргүүлэн танилцуулахаар болсон.