2026-09-01
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн доктор Халид Шарифыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцов.
Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаандаа хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ноён Халид Шарифид ЖҮХ-ны Ажлын албаны хамт олон талархал илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд хатагтай А.Адилбиш Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа амжилттай өндөрлүүлж буй ноён Халид Шарифид эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөж, хоёр талын түншлэл цаашид улам бэхжин хөгжиж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлсэд түүний оруулсан хувь нэмэр өндөр үнэлэгдсээр байх болно гэж онцлон дурдлаа.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency