ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГ УЛСЫН ИХ ХУРАЛД ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Их Хурлаас 2011 онд баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15.1.4-д Улсын Их Хурал жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг 2 жил тутам хэлэлцэж, дүгнэлт гаргах, 16.1.7-д Засгийн газар жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн талаар Улсын Их Хуралд тайлагнахаар тус тус заасан байдаг.
Хууль батлагдсанаас хойш Засгийн газар анх удаа 2021 онд тус тайланг Улсын их хуралд тайлагнаж байсан бол 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх удаах тайланг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 12-нд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн Засгийн газрын тайланг хэлэлцлээ.
Засгийн газрын тайланд УИХ-аас Засгийн газарт 2021 онд өгсөн чиглэл зөвлөмжид нийцүүлэн 5 хүрээ асуудлыг тухайлан тусгасны зэрэгцээ олон улсын болон үндэсний түвшний үзүүлэлтэд суурилж үнэлэн үзэхэд жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны дундаж хэрэгжилт 50% буюу “хэрэгжих шатанд” байна.
Үнэлгээнд харгалзан үзсэн олон улсын болон үндэсний түвшний үзүүлэлтүүдэд:
1.Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг Эмэгтэйчүүд, бизнес ба хууль эрхзүйн орчны индекс
2.Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр тооцож гаргаж буй Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлт /индекс/
3.Засгийн газраас 2023 онд НҮБ-д танилцуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний Сайн Дурын Илтгэл
4.Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүн тус тус хамаарч байна.
Жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг дараах 5 хүрээгээр тодорхойлж тайланд дэлгэрэнгүй тусгасан. Үүнд:
Нэг.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо
Хоёр..Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт
Гурав.Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт
Дөрөв. Жендэрийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт
Тав. Жендэр судлалыг хөгжүүлэх.
Засгийн газрын тайлантай холбогдуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Б.Жаргалмаа, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нар асуулт асууж үг хэллээ.
Тухайлбал:
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн оролцоо буурч байгаа талаар онцлон асууж, хөдөлмөрийн бодит оролцоо, ажилгүй орлогогүй эмэгтэйчүүдийн хичнээн нь ажилтай, орлоготой болсныг тодруулсан.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Засгийн газраас жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг Боловсрол, шинжлэх ухааны болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд туршсаныг сайшаахын сацуу яам тус бүрт гарсан ахиц дэвшлийн талаар,
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен жендэрийн хууль тогтоомж, салбарын жендэрийн бодлого, орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ хэрхэн хийгддэг, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоог хэрхэн хангаж ажилладаг, мөн ерөнхий жендэрийн тэгш байдлыг хангах асуудал орон нутагт ямар түвшинд байгаа талаар,
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар мэргэшсэн судалгааны байгууллага байгаа эсэх, учир нь дэлхий дахин энэ асуудлыг хөгжлийн асуудал хэмээн харж, шинжлэх ухаанчаар хандаж байна, гэтэл бид эмэгтэйчүүд дарга болох гэж байгаа мэтээр хөнгөн өрөөсгөл ойлгосоор байна, түүнчлэн төрийн албаас гадна хувийн хэвшлийн байгууллагуудад жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй соёлыг бий болгох чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгааг асууж, санал хэллээ.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, нийт яамд, нийслэл, 21 аймаг, есөн дүүргээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайланг хуульд заасны дагуу жил бүр хүлээн авч үнэлдэг бөгөөд, яамдыг 41, аймаг, нийслэл, дүүргийг 30 шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам 50-аас дээш хувийн хэрэгжилттэй, бусад яамд 50-аас доош үнэлгээ үзүүлсэн, орон нутгийн хувьд дийлэнх аймаг, дүүрэг 50-аас дээш хувьтай хэрэгжих шатанд байна гэж хариуллаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө.