ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ ТАЙЛАНГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭН ДЭМЖИЖ, УЛСЫН ИХ ХУРАЛД ХҮРГҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 

2023-11-15
Монгол Улсын Их Хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХтХ)-ийг 2011 онд баталсан нь төрөөс Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд эмэгтэй, эрэгтэй хүнийг эрх тэгш хөгжих боломжоор хангах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, хөгжлийн урт, дунд, богино хугацааны зорилтыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал алхам болсон юм.
Хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.a-д зааснаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан” -г Улсын их хуралд 2 жил тутам хэлэлцэж дүгнэлт гаргадаг бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2021 онд анх удаа, энэ онд хоёр дахь удаагийн тайланг танилцуулахаар бэлтгээд байна.
Тайлангийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.9-д заасны дагуу Улсын их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хуульзүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Тайланд жендэрийн эрх тэгш байдлыг хангах Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг үнэлэхдээ олон улсын болон үндэсний түвшний үр дүнгийн шалгуур үзүүлэлт, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн УИХ-09/2528 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад хүргүүлсэн 5 заалт зөвлөмж, Төрийн байгуулалтын байнгын хорооны “Чиглэл өгөх тухай” 2022 оны 10 тогтоолоор өгсөн 3 заалт чиглэлд тус тус нийцүүлэн, 1/жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо, 2/жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, 3/жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, 4/жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, 5/жендэр судлал гэсэн таван хүрээг хамруулсан бөгөөд бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт 50% буюу “хэрэгжих шатанд” байна. Засгийн газраас цаашид дараах чиглэлд анхаарахаар тогтлоо. Үүнд:
1. Хууль, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах аргачлал журамд жендэрийг агуулгыг нарийвчлан тусгах;
2. Үр дүнд суурилсан жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлтийг бүх шатанд нэвтрүүлэх ажлыг хурдасгах, хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн статистикийн хэрэглээг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх;
3. Салбар орон нутгийн жендэрийн бодлого төлөвлөлтийн хэрэгжилт дэх хяналт шинжилгээ, үнэлгээг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх, орон нутаг онцгойлон анхаарах;
Энэхүү тайлангийн төслийг Жендэрийн үндэсний хороо, түүний Ажлын алба боловсруулж, ЗГХЭГ, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаар хэлэлцүүлж, агуулгын болон техникийн нийт 70 орчим саналыг тусгаж ажиллалаа. Тайлан боловсруулах үйл явцад ЖҮХ-ны гишүүд, Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Эрдэмтэн судлаачдын бүлэг, Жендэрийн салбар зөвлөл, салбар хороодын дарга, гишүүд, жендэрийн мэргэжилтнүүд идэвхтэй хамтран ажилласан болно.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency