post image

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ҮГЭЭР БИШ, ҮЙЛДЛЭЭРЭЭ НЭГДЭХИЙГ УРИАЛЛАА

Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган боллоо. Дэлхийн улс орнууд анх 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын төлөө нэгдэж тус бүрдээ амлалт авч хэрэгжүүлснээс хойш найман жил өнгөрч 2030 он гэхэд долоон жил үлдээд байна.
Дэлхий нийтийн өмнө амласан амлалт, үүрэг даалгавартаа хүрэхийн тулд бусад улс орны нэгэн адил манай улс ч өнгөрсөн жилүүдэд тодорхой сорилт бэрхшээлүүдийг даваад байна. Харин одоо үлдсэн хугацаанд амлалтандаа хүрэхийн тулд тодорхой санаачилгуудыг дэмжиж хөгжлийн шинэ хурдасгуурыг хэрэгжүүлэх шаардлага үүсч үүнд оролцогч бүх талууд санал нэгдэх нь чуулганы зорилго оршиж байна.
Хариуцлага, зорилго өндөр уг чуулганыг Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нээж :
“Монгол Улсын эдийн засаг тэлж цар тахлын өмнөх хэмжээнд ирж инфялц 9.2 хувь буюу нэг оронтой тоонд ирсэн ч Тогтвортой хөгжлийн төлөөх зорилтуудаа хангахад удаашралтай байна. Монгол Улс Тогтвортой хөгжлийн төлөөх дунд хугацааны бодлогын баримт бичгээ боловсруулж дууслаа. 12 тэргүүлэх чиглэлд хөгжлийн бодлогыг уялдуулж та бүхнээр хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Эдгээр чиглэлүүд нь “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн дунд болон урт хугацааны бодлогуудтай бүрэн уялдаж байна. Харин хэрэгжүүлэхэд олон талын хамтын хүчин чармайлт, идэвхитэй санал, санаачилга та бүхний хичээл зүтгэл чухал. Цаашид бид зорилтдоо хүрэхэд байнгын ажиллагаатай нэгдмэл тогтолцоо шаардлагатай байна” гэв.
Монгол Улс сайн дурын эхний илтгэлээ 2019 онд танилцуулсан бол үндэсний хоёр дахь илтгэлээ өнгөрсөн долдугаар сард НҮБ-ын чуулганд танилцуулахад Тогтвортой хөгжлийн зорилтын 17 үзүүлэлтээс 15 нь ахицтай, харин нэгдүгээр зорилго буюу ядуурлыг бууруулах нь ухарсан үзүүлэлттэй байсан тул тодорхой үүрэг чиглэл, амлалт авсан билээ.
Чуулганаар үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлд өгсөн зөвлөмжүүдэд суурилан гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний үүрэг амлалт, хурдасгуур буюу тэргүүлэх чиглэлийг танилцуулав.
Түүнчлэн үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирүүлсэн илгээлтийг түүний Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай уншиж танилцуулсан юм. Илтгэлд “Тогтвортой хөгжлийн төлөөх зорилтуудын хэрэгжилтийг дүгнэх хугацаа талаасаа өнгөрч байхад хэрэгжилт манай улсын хувьд 50 хувь нь хангалтгүй, 32 хувь нь царцсан байдалтай байгаа нь цаашид ард түмэн бид илүү нэгдмэл байж шинэ, шинэ санаачилгуудыг дэмжиж тогтвортой хөгжилд хүн бүрийн оролцоо чухал” гэдгийг онцлов.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра:
“Эв нэгдэл бол аливаа зорилгод хүрэх хүч юм. Тогтвортой хөгжлийн төлөө бүх нийтээрээ нэгдэн бодитоор үйлдэл хийх цаг боллоо. Та хэрхэн нэгдэхийг хүсэж байна вэ” Тодруулбал, НҮБ-аас дэлхийн улс орнуудыг 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрсэн байхын тулд дэлхий нийтээрээ хүн төрөлхтөний сайн сайхан, тогтвортой хөгжлийн төлөөх нэг тэрбум гаруй санаачилгыг өрнүүлэхийг НҮБ-аас уриалж Тэрбээр цааш хэлэхдээ "Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чамгүй ахиц дэвшил гаргасан ч хангалтгүй байна. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй голлох гурван сорилтын нэг нь гадаад цочролд эмзэг байдал буюу түүхий эдийн үнийн хэлбэлзэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамжийн өсөлт, дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал зэрэг юм. Мөн зөвхөн Монгол Улс гэлтгүй, бусад орнуудад тулгамдсан асуудлын нэг яалт ч үгүй COVID-19 цар тахлын сөрөг нөлөө байв. Үүний улмаас макро эдийн засгийн тогтворгүй байдал, өрхийн орлого, худалдан авах чадварын бууралт, нийгмийн тэгш бус байдлын гүнзгийрэл нэмэгдсэн. Үүнээс гадна бүс, орон нутгийн хөгжлийн ялгаатай байдал том сорилт болж байна. Тодруулбал, сонголт, боломжийн тэгш бус, хангалтгүй байдал нь хөгжлөөс орхигдох магадлалтай бүлгийн орхигдох эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэв.
Тогтвортой хөгжлийн зорилгын хурдасгах тэргүүлэх чиглэлийг нөхцөл байдлын дүн шинжилгээ болон хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтуудтай уялдуулан тодорхойлоод байна. Үүнд:
• Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
• Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх
• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
• Инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх
• Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах
• Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох: Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх
• Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах
• Нэмүү өртөг шингэсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх (хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр)
• Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
• Үр дүнтэй засаглал, бодлогын уялдаа холбоог сайжруулах
• Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих
• Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

Нийтлэл хуваалцах