ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХАД НАМЫН ДУНД ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧИГЛҮҮЛЭХ НЬ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-04-15

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Улс төрийн намын үйл ажиллагаанд жендэрийн дэвшилтэт үзэл баримтлалыг нэвтрүүлэх хүрээнд улс төрийн намын дунд шатны байгууллагын дарга, дэд дарга, хорооны тэргүүлэгчдэд хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах улс төрийн манлайлал, үр дүнг танилцуулах, харилцан санал солилцох зорилгоор цуврал семинарыг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд ХҮН намын нийслэл, дүүргийн намын байгууллагын 40 орчим дарга, удирдлагууд, холбогдох төлөөллүүдийг хамруулсан семинарыг зохион байгууллаа.

Семинарыг ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл нээж, ХҮН нам улс төрийн манлайлал үзүүлж бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх, шинэ соёлыг төлөвшүүлэх, эмэгтэйчүүдэд ээлтэй улс төрийн орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд “ХҮН 50:50” бодлогыг баримтлан ажиллаж байгааг онцлон, намын дунд шатны байгууллагын төлөөллүүдийг семинарт идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Семинар үндсэн илтгэлүүдээр үргэлжилж, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж, Улс төрийн намын дунд шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга зүй, Улс төрийн намын жендэрийн аудит сэдвээр илтгэл танилцууллаа. Монгол Улсад жендэрийн өөрийн үнэлгээ хийсэн нийт 12 улс төрийн нам байгаа бөгөөд жендэрийн үнэлгээг хийснээр хүйсийн эрх тэгш байдлыг хангах хөшүүрэг бий болох, тэгш бус байдал, саад бэрхшээлийг илрүүлэх, намын гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах, ахиц дэвшлээ үнэлэх механизм бүрдэх зэрэг олон ач холбогдолтой гэв. Түүнчлэн цаашид 1. Жендэрийн үндэсний шинжээч, сургагч багш бэлтгэх, сургалт семинар зохион байгуулах, 2. Нэр дэвших эмэгтэйчүүдийг менторлох, дэмжлэг үзүүлэх чиглэлээр намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч ажиллах, 3. Намын дэргэдэх судалгааны байгууллагуудтай жендэрийн дүн шинжилгээ, үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, 4. Олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх компанит ажил, аян, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах үндсэн чиглэлд улс төрийн намуудтай хамтран ажиллах, арга зүйн дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэг: “Хууль тогтоомжид туссан жендэрийн эрх тэгш байдлыг хангах зохицуулалт”-ын талаар мэдээлэл танилцуулж, 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуулийн дүнд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүд бөгөөд эзлэх хувь 1992 онд 3 (3.9%) байсан бол 2020 онд 13 (17.1%) болж өссөн байна. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүх оролцогч талууд ялангуяа улс төрийн намуудтай хамтран ажиллах, тэдний хүчин чармайлт чухал байна гэв.

Хэлэлцүүлгийн үеэр намын төлөөллүүд сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, нийгэмд үнэн зөв, тэнцвэртэй мэдээллийг хүргэх чиглэлд хамтарч ажиллах саналыг дэвшүүлж, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш төлөөлөл хангагдахын давуу тал, намын жендэр аудит, сонгуулийн зохион байгуулалттай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency