ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ СОНСЛОО
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар үүрэг хүлээгч талууд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.
Тус хуулийн 8.7 дахь хэсэгт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.4-т заасны дагуу намын үйл ажиллагаа дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлнэ, 8.8 дахь хэсэгт Жендэрийн үндэсний хороо энэ хуулийн 8.2.3, 17.7-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ хэмээн тусгасан.
Хороо нь хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд “Улс төрийн намын бүх шатны байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлын тайлан”-гийн маягтын төслийг Үндэсний статистикийн хороогоор батлуулах зөвшилцөлд хүрч, бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд улс төрийн намын удирдах албан тушаалтнууд, намын дунд шатны байгууллагын төлөөллүүдэд зориулсан чадавх бэхжүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгуулсан талаар тус тус танилцууллаа. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх дүгнэлтийн загварын талаар тодруулав.
Танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асууж хариулт авсан юм.