ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээчид, Ажлын албаны холбогдох төлөөллүүд Эрүүл мэндийн яаманд ажиллав.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Д.Очирбат, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Туяа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Б.Бат-Очир, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын захирал М.Нармандах, Санхүү, эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Я.Болормаа, холбогдох асуудал хариуцсан ахлах шинжээч, мэргэжилтнүүд оролцов.

Уулзалтаар ЖҮХАА-наас ЖЭТБХтХ-д заасан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн яамнаас 2025 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үр дүн болон Эрүүл мэндийн яамнаас салбар дахь жендэрийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, жендэрийн талаар баримталж буй бодлогын талаар тус тус танилцуулж, санал солилцлоо.
Мөн салбарт хууль, бодлогын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр анхаарч ажиллах талаар зөвшилцөв.
Үүнд:

Эрүүл мэндийн салбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд суурилсан зориулсан үйлчилгээ, алслагдсан бүс нутаг, сум, багийн малчин өрх, хөдөлмөрийн онцлог, эрүүл мэнд, эдийн засгийн боломжоосоо шалтгаалан эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй эрэгтэй, эмэгтэй малчдад эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, үйлчилгээний хүртээмжийг бий болгох,

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах чиглэлээр хэрэгжилтийг сайжруулах;

Салбарын хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийх, салбарын эрх зүйн орчин, хууль тогтоомжид жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал тусгах;

Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөгөө, хөтөлбөрийн үндсэн дээр хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтэд эцсийн хяналт шинжилгээ, үнэлгээг хийж, бодлогын үр дүнд суурилсан дараагийн шатны салбарын жендэрийн бодлого баталж хэрэгжүүлэх;

Салбарын албан хаагчдын ажлын байран дахь сэтгэл ханамж, цалин хөлсний жендэрийн дүн шинжилгээг хийх, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх.