ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХАД НАМЫН ДУНД ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧИГЛҮҮЛЭХ НЬ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024-04-10

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Улс төрийн намын үйл ажиллагаанд жендэрийн дэвшилтэт үзэл баримтлалыг нэвтрүүлэх хүрээнд улс төрийн намын дунд шатны байгууллагын дарга, дэд дарга, хорооны тэргүүлэгчдэд хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах улс төрийн манлайлал, үр дүнг танилцуулах, харилцан санал солилцох зорилгоор цуврал семинарыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд Ардчилсан намын аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны 40 орчим дарга, удирдлагуудад танхим болон цахим хосолсон хэлбэрээр эхний семинарыг зохион байгууллаа.

Семинарыг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан нээж, “Ардчилсан нам нь намын бодлого, үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангах зарчим буюу 11 зорилт бүхий “Жендэрийн бодлого”-ыг баталсан бөгөөд энэхүү бодлого нь нийт эмэгтэйчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр баримтлах Ардчилсан намын бодлогын тэргүүн зорилтын урьдчилсан нөхцөл юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

Семинар үндсэн илтгэлүүдээр үргэлжилж, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Улс төрийн намын дунд шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга зүй, Улс төрийн намын жендэрийн аудит сэдвээр илтгэл танилцууллаа. Монгол Улсад жендэрийн өөрийн үнэлгээ хийсэн нийт 12 улс төрийн нам байгаа бөгөөд жендэрийн үнэлгээг хийснээр хүйсийн эрх тэгш байдлыг хангах хөшүүрэг бий болох, тэгш бус байдал, саад бэрхшээлийг илрүүлэх, намын гишүүдийн оролцоотой шийдвэр гаргах, ахиц дэвшлээ үнэлэх механизм бүрдэх зэрэг олон ач холбогдолтой гэв. Түүнчлэн цаашид 1. Жендэрийн үндэсний шинжээч, сургагч багш бэлтгэх, сургалт семинар зохион байгуулах, 2. Нэр дэвших эмэгтэйчүүдийг менторлох, дэмжлэг үзүүлэх чиглэлээр намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч ажиллах, 3. Намын дэргэдэх судалгааны байгууллагуудтай жендэрийн дүн шинжилгээ, үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, 4. Олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх компанит ажил, аян, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах үндсэн чиглэлд улс төрийн намуудтай хамтран ажиллах, арга зүйн дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэг: “Хууль тогтоомжид туссан жендэрийн эрх тэгш байдлыг хангах зохицуулалт”-ын талаар мэдээлэл танилцуулж, 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуулийн дүнд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүд бөгөөд эзлэх хувь 1992 онд 3 (3.9%) байсан бол 2020 онд 13 (17.1%) болж өссөн байна. Цаашдаа хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүх оролцогч талууд ялангуяа улс төрийн намуудтай хамтран ажиллах, тэдний хүчин чармайлт чухал байна гэв.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын зүгээс орон нутгийн сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, ирц оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Жендэрийн үндэсний хороог манлайлж ажиллах саналыг дэвшүүллээ.

Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн бүртгэл, сонгогчдын нэрийн жагсаалт, санал тоолох системийн талаар асуулт асууж, хариулт авсан юм.

 

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency