“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” 20 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-30

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” уулзалтыг гишүүдийн саналаар үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо. Ингэхдээ Ажлын албанаас гишүүдэд үндэсний хэмжээний үр дүн, ач холбогдол бүхий мэдээлэл танилцуулах байдлаар зохион байгуулах юм.

Ээлжит цахим уулзалт 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж,  дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулах Ажлын хэсгийн Зөвлөх багийн гишүүн Б.Эрдэнэ-Очир: 4 зорилт, 36 үйл ажиллагаа бүхий “Монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)” -ний төслийг танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа: эмнэлэгт үзүүлж буй хүүхдийн хүйсийн харьцаа 2 наснаас эхлэн зөрүүтэй байдал үүсэж буйг анхаарах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгаан, ангиллыг нарийвчлан тодорхойлох, зарим нэр томьёоны хувьд илүү өргөн агуулгаар тодорхойлох талаар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: Архины хамааралтай болон орон гэргүй эрэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээг тусгах, урлаг соёлын бүтээгдэхүүнийг жендэрийн мэдрэмжтэй болгоход анхаарах, 24 цагийн дуудлагын утасны чанар хүртээмж, зөвлөгөө мэдээлэл өгөх асуудалд хамтарч ажиллах боломжтой талаар, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа: Төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт, тайлагналтын тогтолцоог сайжруулах, санхүүжилтийн асуудалд анхаарах, төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чанар хүртээмж, хүргэлтийн талаар тус тус асуулт асууж, санал хэллээ.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency