“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХАД НАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧИГЛҮҮЛЭХ НЬ” ЭЭЛЖИТ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-29

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Улс төрийн намын үйл ажиллагаанд жендэрийн дэвшилтэт үзэл баримтлалыг нэвтрүүлэх хүрээнд улс төрийн намын дунд шатны байгууллагын дарга, дэд дарга, хорооны тэргүүлэгчдэд хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах улс төрийн манлайлал, үр дүнг танилцуулах, харилцан санал солилцох зорилгоор цуврал семинарыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд Монгол Ардын намын хүсэлтийн дагуу намын бодлого, үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ, шаардлагад үндэслэн оролцогчид болон мэдээллийн агуулгыг өөрчилж, ХЕХ-ны дэргэд Жендэрийн дэд хороо байгуулагдсантай холбоотой цаашид хорооны үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарах асуудал, хууль тогтоомжид туссан жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалтын хүрээнд намын зүгээс бэлтгэх тайлангийн талаар мэдээлэл өгөх зорилгоор зохион байгууллаа.

 

Семинарыг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж, “Улс төрийн намын жендэрийн өөрийн үнэлгээ; хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, маягтын төслийн танилцуулга, жендэрийн үзэл баримтлал-соёл уламжлал” сэдвээр илтгэл танилцуулж, Хяналтын ерөнхий хорооны дэргэдэх жендэрийн дэд хороо нь нам дотроо тулгамдаж буй асуудлыг илрүүлэх жендэрийн дүн шинжилгээ нэн тэргүүнд хийх шаардлагатайг онцлоод Ажлын албанаас дэд хорооны үйл ажиллагааг бэхжүүлэх бүхий л хүрээнд бодлогын болон арга зүйн дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийллээ.

Жендэрийн үндэсний шинжээч Д.Сүхжаргалмаа Улс төрийн намын дэргэдэх жендэрийн дэд хорооны ажиллах журам, анхаарах асуудал, Олон улсын туршлага сэдэвт илтгэлийн хүрээнд: Улс төрийн намд жендэрийн тэнцвэртэй байдал зайлшгүй байх шалтгаан, жендэрийн бодлогын бүрэлдэхүүн, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, намын жендэрийн бодлого нь хэлбэрийн хувьд тэгш байдлыг харуулахаас илүүтэй агуулгын хувьд тэгш байдлыг хангаж, дэмждэг байх ёстойг онцолсон юм.

Түүнчлэн Хүний эрх-дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Х.Баасанжаргал: Жендэрийн дэд хорооны хүлээх чиг үүрэг, чиглэл; жендэрийн тэгш байдал, хүйсийн квотыг хангах чиглэлээр намын баримталж буй бодлогын талаар мэдээлэл өглөө.

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency