ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Азийн сангийн 2020-2024 оны хооронд Канадын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” нь төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Энэхүү төслийн зөвлөлдөх хорооны гишүүнээр Жендэрийн үндэсний хороо ажиллаж байсан бөгөөд хаалтын арга хэмжээний үеэр төслийн үр дүнд бий болсон үйл ажиллагаа, үр шимийг үргэлжлүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор Азийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоотой хамтын ажиллагааны ”Санамж бичиг” байгууллаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031”-ний хэрэгжилтийг хангах, Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй банк санхүүгийн байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилго бүхий тус санамж бичигт Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Р.Мөнхтуяа нар гарын үсэг зурав.
Cанамж бичгийн хүрээнд банк санхүүгийн салбарт жендэрийн үндэсний сургагч багшийг үе шаттайгаар бэлтгэх, жендэрийн цахим сургалтын модуль, гарын авлага боловсруулж олон нийтэд хүргэх; банк санхүүгийн салбарын байгууллагын жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг дэмжиж, сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх; эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээг хангах зохистой, хүртээмжтэй шинэлэг шийдэл, үйлчилгээг нэвтрүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.