COP17: Эмэгтэй малчдын бэлчээр хамгаалал, тэсвэрлэх чадварт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ

2026-08-26
“Эмэгтэй малчид болон бэлчээрийн малчид: Хамгаалал, тэсвэрлэх чадварт оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлэх нь” сэдэвт Жендэрийн бүлгийн өндөр түвшний хэлэлцүүлэг 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Нэгдсэн хуралдааны танхимд боллоо.

Бэлчээрийн мал аж ахуйн бүлгүүдийн бараг тал хувийг эмэгтэйчүүд, охид бүрдүүлж, экологийн мэдлэг, уламжлалт арга ухаан, соёлын дадлыг хадгалан уламжлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг боловч тэдний хөдөлмөр, манлайлал, мэдлэгийг бодлогын түвшинд хангалттай үнэлэхгүй байх, газар болон бусад нөөц баялгийн хүртээмж, шийдвэр гаргах түвшний оролцоонд бэрхшээл тулгарсаар байна.

2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэж буйтай холбогдуулан зохион байгуулсан тус хуралдаан нь эмэгтэй малчдын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх, тэдний манлайллыг дэмжих, бэлчээрийн экосистемийн хамгаалал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг бодлогын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэв.

Хуралдааныг COP17-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон олон улсын өндөр түвшний төлөөлөгчид нээв. Нээлтийн хэсэгт Финландын Ерөнхийлөгч асан Тарья Каарина Халонен, Анголын Байгаль орчны сайд Ана Паула Чантре Луна де Карвальо, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Аса Регнер болон Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Чимгүүндарь нар оролцов.

Үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд:

  1. Катмандугийн тунхаглал (MERA + 16): Эмэгтэй мал аж ахуйн эрхлэгчдийн дуу хоолой, эрхийг бэхжүүлэхэд гарсан ололт, шийдвэрлэх шаардлагатай сорилтыг хэлэлцэв.
  2. Бэлчээрийн системийн эмэгтэй бизнес эрхлэгчид ба шинийг санаачлагчид: Эмэгтэйчүүдийн инноваци, бизнес эрхлэлт, орон нутгийн мэдлэг нь бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулж буй олон улсын жишээг танилцуулав.

Хуралдаанаас гарсан гол мессеж, зөвлөмжүүд нь COP17-ын цаашдын шийдвэрүүд болон 2026 оны Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд хэрэгжих бодлого, үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Тус хэлэлцүүлгээс гарсан гол мессеж, дүгнэлтүүд нь COP17-ийн цаашдын шийдвэрүүд болон 2026 оны Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд хэрэгжих дэлхийн хэмжээний бодлого, үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency