COP17: МАЛЧДЫН НУТАГ, БЭЛЧЭЭРИЙГ ХАМГААЛАХАД НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ ЧУХАЛ БАЙНА

2026-08-22
📍Өнөөдөр “Нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр (SIA) дамжуулан малчдын нутаг бэлчээрийг хамгаалах нь” сэдэвт тусгай хэлэлцүүлэг боллоо. Тус арга хэмжээг Олон Улсын Эрх Зүйн Хөгжлийн Байгууллага (IDLO), “Хил хязгааргүй алхам” ТББ болон Оксфордын Их Сургууль хамтран зохион байгуулж, хөгжлийн томоохон төслүүдийн үеэр малчдын эрх ашиг, уламжлалт бэлчээрийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцэв.
📍Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банкнууд болон томоохон хөрөнгө оруулагчид нийгмийн ба соёлын нөлөөллийн заавал хийх үнэлгээг хуульчлах шаардлагатайг онцоллоо. Ялангуяа уул уурхай, дэд бүтцийн төслүүдийн улмаас малчид нутаг бэлчээрээсээ шахагдах, амьжиргааны эх үүсвэрээ алдах эрсдэлийг хууль эрх зүйн хүрээнд Нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр (SIA) урьдчилан тодорхойлж, хамгаалах нь чухал болохыг Олон Улсын Эрх Зүйн Хөгжлийн Байгууллага (IDLO), Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс болон дотоодын малчдын төлөөлөл дурдлаа.
📍Арга хэмжээний нээлтэд Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш хэлэхдээ, Монгол Улсын нийт малчдын 41.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч 18–34 насны залуу малчдын 66.7 хувь нь эрэгтэйчүүд байгааг тодотгов. Энэ нь залуу эмэгтэйчүүд хөдөө орон нутагт үлдэх нь багасаж буйн илрэл бөгөөд нийгмийн үйлчилгээний хүртээмж, хөдөлмөрийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотойг тайлбарлалаа. Үүнтэй холбогдуулан Жендэрийн үндэсний хорооноос 2027–2030 онд залуу малчдын гэр бүл, нийгмийн тулгамдсан асуудлыг дэмжих зорилтот хөтөлбөрийг боловсруулж байгаагаа танилцуулав.
📍Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Монгол Улсын “Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тухай” хуулийн төслийн одоогийн явц ба хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар мэдээлэл өгсөн юм.
📍Оролцогчид нийгмийн болон жендэрийн мэдрэмжтэй үнэлгээг бодлого төлөвлөлтөд албан ёсоор тусгах нь бэлчээрийг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжих болон нүүдлийн соёл иргэншлийг хадгалахад нэн чухал алхам болно гэдэгт санал нэгдлээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency