“АЗИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨРИЙН САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА” 

2023-09-25
Азийн хөгжлийн банкнаас санаачлан зохион байгуулдаг “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын 9 дэх удаагийн хөтөлбөр”-ийг Жендэрийн үндэсний хороо хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрт 26 улсын 200 гаруй удирдах түвшинд ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүд хамрагдсан юм. Уг хөтөлбөрт хамрагдсан манлайлагч эмэгтэйчүүдийн нэгдсэн уулзалт 2023.09.28-ны өдөр зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин нээж, хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүдэд урам зориг өгөх илтгэгчийг урьж оролцуулдаг уламжлалын дагуу Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Улсын Их Хурлын дэд дарга Салдангийн Одонтуяа нарыг урив. Тэд өөрийн туршлага, ур чадвараасаа хуваалцаж, төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны,Нийслэл дүүргийн төрийн өмчит үйлдвэрийн газар, иргэний нийгэм, ААНБ-ын төлөөллүүдээс бүрдсэн удирдах түвшинд ажиллаж буй 75 эмэгтэй оролцогчид санал бодлоо солилцсон юм.
Хөтөлбөр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, жендэрийн асуудлаарх салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөр хувь нэмрээ оруулахын сацуу сургалтад оролцогч манлайлагч эмэгтэйчүүдийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн талаарх ойлголт мэдлэг нэмэгдэж, хамтын ажиллагааны платформыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Энэ хөтөлбөрийг 2019 оноос тухайн сонгогдсон улсад мастер сургагч багшийг бэлтгэх замаар нутагшуулж эхэлсэн бөгөөд Индонез, Камбож, Монгол гурван улсад хэрэгжүүлээд байна.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency