“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ САР ЭХЭЛЛЭЭ

2024-01-05

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан, 2024 оноос эхлэн сар бүрийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаан дахь тодорхой нэг асуудлаар эерэг хандлага, дадлыг бий болгож буй сайн туршлагуудыг танилцуулж, сурталчлан түгээх, уриалан дэмжих сар болгож ажиллана. Энэхүү  сар бүрийн аянд хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллага, салбарын түвшинд сайн туршлагаараа нэгдэж, хүчин чармайлт, ололт амжилтаа хуваалцах юм.

2024 оны 01 дүгээр сарын 15-наас ирэх сарын 15-ныг дуустал нэг сарын хугацаанд “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ САЙН ТУРШЛАГА ТҮГЭЭХ САР болгон зарлаж байна.

Энэ хүрээнд ажлын байрыг эрэгтэй эмэгтэй ажиллагчид, нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг харгалзан, ажил, ар гэрийн тэнцвэрийг хангахад чиглүүлж, жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлж буй төр, төрийн бус, аж ахуй нэгж байгууллагууд ын сайн туршлагыг  олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна. Сарын аян нь яам, нутгийн захиргааны байгууллага, жендэрийн салбар зөвлөл, хороодоос эхэлж, салбарын бусад төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудаар давалгаалж үргэлжилнэ.

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого“ нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд аливаа ажлын байр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жендэрийн ялгаатай хэрэгцээнд нийцэж, хувь хүний эрх чөлөө, эрх тэгш байдал, гэр бүлийн болон нийгмийн үнэт зүйлсийг хүндэтгэх замаар ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрийг хангаж, эрүүл, аюулгүй, таатай ажлын орчин нөхцөлөөр адил тэгш хангаж байхад, тэдний мөн нийгмийн хамгааллын хүрээнд тэгш шудрага байж, дэмжлэг туслалцааг нийт ажилтанд, ялангуяа жендэрийн ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдалд өртөж буй ажилтнуудад хүртээмжтэй болгон, хэнийг ч үл орхигдуулахад хувь нэмэр оруулдаг.

 

Та бүхэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны сайн туршлагуудаа дараах хүрээгээр тодорхойлон зураг, мэдээ, ярилцлага, видео бичлэг хийх зэргээр олон нийтэд хүргэж ажиллаарай.

  • Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг сурталчлан таниулах үйл ажиллагаа, оролцоо
  • Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, бизнесийн болон бусад бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээн дэх жендэрийн үзэл баримтлал бүхий заалт, тохируулга, үр дүн
  • Эрэгтэй эмэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн онцлог хэрэгцээг харгалзсан жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны орчин нөхцөл, сэтгэл ханамж
  • Гэр бүл, хүүхэд, охид хөвгүүдийн хөгжил хамгааллыг дэмжсэн бодлого үйл ажиллагаа, үр дүн
  • Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хохирогч хамгаалах бодлого үйл ажиллагаа, үр дүн

 

 

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency