УДИРДЛАГЫН АКАДЕМИ “АМЖИЛТ БОЛ СОНГОЛТ” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 299 дүгээр тогтоолын 1.2 дахь хэсэг, Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-ний зорилго 4 “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх”, зорилт 4.2-ийн 11 дүгээр заалтад Төрийн албанд удирдах түвшний эмэгтэйчүүдийг бэлтгэх сургалтын байнгын тогтолцоо бүрдүүлж, дагалдуулан сургах (менторшип) хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсний дагуу “2024 онд Удирдлагын академид улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны ажлын төлөвлөгөө”-ний 3.2-ийн хүрээнд зохион байгуулж байна.
Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн нээлтэд Удирдлагын академийн захирал доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг, Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Удирдлагын академийн ТАС-ийн захирал доктор, профессор Д.Байгал нар оролцож сургалтанд хамрагдаж байгаа оролцогчдод амжилт хүслээ.
Азийн хөгжлийн банкнаас санаачлан зохион байгуулдаг “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын 9 дэх удаагийн хөтөлбөр”-ийг Жендэрийн үндэсний хороо хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулсан билээ. Энэ хүрээнд нийт гурван сургалтыг зохион байгуулж 75 оролцогч 6 мастер сургагч багш нарыг бэлтгэн гаргасан юм. Өнөөдрийн “Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт мастер сургагч багш нар хичээл орж эмэгтэй манлайлагчдын итгэл төгс ярих, ойлголцох, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харьцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултанд бэлэн байх, мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн болон хамт олон, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ оролцогчид өөрсдийн карьер хөгжлийн үе шат, туршлага сургамжаас хуваалцаж, бие биендээ урам зориг өгөх агуулга бүхий хичээлийг орж мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.
Тус хөтөлбөрт “Монгол Улсын тогтвортой хөгжилд миний гүйцэтгэх үүрэг” эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан төрийн захиргааны байгууллагын 35 эмэгтэй албан хаагч хамрагдаж байна.