“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРВАН ТАВ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит цахим уулзалт 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид: 2023 онд хэрэгжүүлсэн онцлох үйл ажиллагааны үр дүн, цаашид хамтран ажиллах санал, санаачилгын талаар танилцуулж, 2023 онд Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой 17, Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой 1, ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаа 3, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой нийт 8 гомдол, мэдээлэл ирсний дагуу зохих арга хэмжээг авсан гэв.
Монголын Ажил Олгогч Эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал: “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох” асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, журамд тусгуулах, ёс зүйн хороо ажиллуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх хүрээнд бэлтгэсэн гарын авлага, контент, постерыг нийгмийн сүлжээнд байршуулсан талаар танилцуулж, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, бэлгийн дарамтаас сэргийлэх зохицуулалтыг нийт 10 байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгуулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулсныг онцолсон юм.
Танилцуулгатай холбогдуулан Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа: Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн сонгох сонгогдох эрхийн талаар асуулт асууж, хариулт авлаа.