БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ДАХ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-01-23

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан, 2024 оноос эхлэн сар бүрийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаан дахь тодорхой нэг асуудлаар эерэг хандлага, дадлыг бий болгож буй сайн туршлагуудыг танилцуулж, сурталчлан түгээх, уриалан дэмжих сар болгож ажиллана. Энэхүү  сар бүрийн аянд хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллага, салбарын түвшинд сайн туршлагаараа нэгдэж, хүчин чармайлт, ололт амжилтаа хуваалцах юм.

Батлан хамгаалах яамны Жендэрийн салбар зөвлөлийн 2023 оны төлөвлөгөө нь БХС-ын 2020 оны 300 дугаар тушаал “Батлан хамгаалах салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө 2020-2024”-ыг үндэслэн хийгдсэн. Нийт 28 үндсэн арга хэмжээг тусган ажилласан байна.

Батлан хамгаалах салбар дах жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд:

Батлан хамгаалах яамны дэргэд хүүхэд саатуулах өрөөг 2023 онд ашиглалтад оруулсан байна.

Монгол Цэргийн музей дотоод нөөц, бололцоог ашиглан хүүхэд саатуулах буланг байгуулж, зохих тавилга, хэрэгсэл, ном, тоглоомоор тохижуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлчлүүлэгч иргэдийн болон ажилтнуудын 3-12 насны хүүхдүүдэд ашиглуулж байна.

БӨРТЭ ТӨҮГ үйлдвэрийн ажилтан, алба хаагчдын хүүхдийн дэлгэрэнгүй судалгаанд үндэслэн хүүхэд харах өрөөг тохижуулан ажиллаж байна.

Цэргийн төв эмнэлгийн 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх кабинет”-ыг байгуулан Поликлиникийн урьдчилан сэргийлэх тандалт судалгааны төсгийн дарга мэс заслын их эмч, андрологи, урологийн мэс заслын ахлах зэрэгтэй дэд хурандаа Г.Батмөнх эмчилгээ, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн алба хаагчдыг ажлын байрны дарамт, ажлын байрны хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалтад хамруулсан.

Монгол цэргийн музейн нийт ажилтан, алба хаагчдыг “Ажлын байрны бэлгийн дарамт ба ажлын байрны дарамт” сэдэвт сургалтад хамруулсан.

БХЯ-ны Барилга захиалагчийн алба 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр БЗД-ийн Цагдаагийн хэлтэстэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн тухай” болон “Ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголт” сургалтыг зохион байгуулсан.

Жендэрийн хэвшмэл ойлголт, ажлын байран дах бэлгийн дарамт, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, аливаа жендэрт суурилсан хүчирхийллээс ангид орчныг бүрдүүлэх талаарх сургалтуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллагууд нийслэл, орон нутгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газруудтай хамтран зохион байгуулж байна.

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бүрдүүлэх зөвлөмж”

  1. Хөдөлмөрийн дотоод журам нь жендэрийн мэдрэмжтэй эсэх;
  2. Алба хаагчид жендэрийн талаарх ойлголттой эсэх;
  3. Цалин, хангамж, урамшуулалд хүйсээс шалтгаалан зөрүү байгаа эсэх;
  4. Үүрэг, хариуцлага, нөөцийг шударга хуваарилахад ялгаварлан гадуурхалт байгаа эсэх (Ажилд орох, сурах, албан тушаал дэвших, хөгжихөд хүйсийн ялгаварлан гадуурхалт байгаа эсэх);
  5. Аливаа тусгай хэрэгцээт хүмүүсийн ажиллах, үйлчлүүлэх орчин бүрдсэн эсэх;
  6. Ажлын байрны зохион байгуулалт жендэрийн мэдрэмжтэй эсэх;
  7. Ажил-ар гэрийн зохистой тэнцвэрийг хангах чиглэлд таатай орчин бүрдсэн эсэх;
  8. Эрүүл, аюулгүй, хүчирхийлэлгүй орчин бүрдсэн эсэх зэрэг зөвлөмжүүдийг уриалж байна.

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency