ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 2024 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2024-02-15

Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан /2024.02.15-ны өдөр Төрийн ордонд/  зохион байгуулагдаж, хуралдааныг Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан удирдан чиглүүллээ.

Хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт болон 2024 онд авч хэрэгжүүлэх асуудлаар Хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр танилцуулахдаа: Хороо 2023 онд 5 зорилтын хүрээнд 71 арга хэмжээг 90 хувийн хэрэгжилттэй, Ажлын алба  нь 13 зорилтын хүрээнд 117 үйл ажиллагааг 92,6 хувийн хэрэгжилттэй гүйцэтгэсэн байна. Тус онд удирдлагын академи 6,616, Хорооны ажлын албанаас 10,017, Яам агентлаг, Аймаг нийслэл дүүрэг, холбогдох төрийн бус байгууллагаас 15,585 нийт 32,218 ажилтныг жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт семинарт хамруулсан байна. Сургалтад оролцогчдыг хүйсээр харвал эрэгтэй 46,2%, эмэгтэй 53,8% байгаа нь  өмнөх онуудтай харьцуулахад эрэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж хүйсийн тэнцвэрт байдал хангагдсан ахиц дэвшил гарсан байна. Түүнчлэн олон нийтийн жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд үндэсний болон олон улсын зорилтот аяны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан 1,7 сая орчим хүнд мэдээлэл хүрсэн байна.

Хорооноос үндэсний хэмжээнд гаргаж олон нийтэд мэдээлдэг хүйсийн тэнцвэрт байдлын тайланд ахиц гарлаа. Тухайлбал төрийн томилогдох албан тушаалтан болох Дэд сайд, ТНБД, Агентлагийн дарга, Яамдын газар хэлтсийн дарга нар, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан квот хангагдсан байна.

Хуралдаанаар төрийн албанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, анхаарах асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва мэдээлэл танилцуулахдаа: “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.3.в-д заасан жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх хэм хэмжээг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамд тусгаж мөрдүүлж, гарсан гомдлыг шийдвэрлэсэн эсэх талаарх мэдээллийг тайлагнаж, урьдчилан сэргийлж ажиллах нь чухал байгааг онцлов.

Хуралдааныг хааж Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ: УИХ-ын Сонгуулийн тухай хуульд холимог системийг оруулж, жагсаалтыг нэгийг харьцах нэг зарчмаар эрэгтэй, эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх,  жендэрийн 20 хувийн квотыг 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувьд байх зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд төрөөс улс төрийн намд олгох санхүүжилтийг хүйсийн тэнцвэрт байдалтай уялдуулсан бөгөөд энэхүү ахиц дэвшлийг цаашид хадгалан үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн боловсролын тэгш бус байдал, тэр дундаа их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд, 39 хувь нь эрэгтэйчүүд, 18-34 насны гэрлээгүй малчдын 88% эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, ХХААХҮЯамдын гишүүдэд тухайлан үүрэг болгохын сацуу “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах” чиглэлээр дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг Хорооны гишүүдэд даалгалаа.

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency