“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРВАН ДОЛОО ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит цахим уулзалт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва: Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилт, шатлан дэвших тогтолцоо ба жендэрийн тэгш нөхцөл, боломжийн талаар танилцуулж, Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, ажлын байрны бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хорооны гишүүдтэй хамтран ажиллах саналтай байна гэв.
Танилцуулгатай холбогдуулан Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: Жендэрийн бие даасан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, төрийн албаны ерөнхий шалгалтын агуулгын талаар; Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар; Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаах тус тус асуулт асууж, хариулт авлаа.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин: 2024 оны онцлох үйл ажиллагаа болон бизнес эрхлэлт дэх жендэрийн эрх тэгш байдлын талаар танилцуулж, 2019 оноос хойш “Шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулалт-д жендэрийн эрх тэгш байдлын шалгуур үзүүлэлтийг тусган хэрэгжүүлж байгааг онцолсон юм.
Танилцуулгатай холбогдуулан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой эсэх талаар; Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа: Гар урлалын бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх, өргөжүүлэх зорилгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуулт асууж, хариулт авлаа.