“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРВАН НАЙМ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг 18 удаа зохион байгуулж, дууслаа.
Ээлжит цахим уулзалт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж: Соёлын салбарт баримтлах жендэрийн бодлого, үндсэн чиглэл, салбарын жендэрийн статистик, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэг: Жендэрт суурилсан бодлого төлөвлөлт, төсөвлөлт, жендэрийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй онцлох үйл ажиллагаа болон салбарын жендэрийн статистик мэдээллүүдийг танилцууллаа. Хөвгүүдийн боловсролд хамрагдалтыг авч үзвэл, сургуулийн өмнөх боловсрол 49%, бага боловсрол 51%, суурь боловсрол 51%, мэргэжлийн болон техникийн боловсрол 63%, баклаврын боловсрол 40%, дипломын боловсролд хамрагдалт 21%-тай байгааг онцолсон юм.
Танилцуулсан мэдээллүүдтэй холбогдуулан Хүний эрхийг хангах үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Болорсайхан: боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, түүний үр дүнгийн талаар, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг төрийн үйлчилгээний салбарт хөгжүүлэх, төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх талаар, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид: Соёлын салбарт ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй, тууштай арга хэмжээ авч ЖҮХ-той хамтран ажиллах талаар, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа: өсвөр насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг ойлголт, боловсролын талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.