МУИС-ИЙН ЖЕНДЭР СУДЛАЛЫН САЛБАР ДУНДЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦАГЧИД АЗИЙН САНГИЙН НЭРЭМЖИТ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дунд хугацаанд дэмжих Үндэсний хөтөлбөр /2017-2021/, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” /2022-2031/-нд жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэх, үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшинд хамтран ажиллах зорилт, үйл ажиллагааг тусгаж хэрэгжүүлэхийн сацуу төлөвлөсөн билээ. Энэ хүрээнд боловсролын салбарт баримтлах жендэрийн бодлого /2017-2024/-оор дамжуулан бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулгад жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, тухайлан дээд боловсролын түвшинд эрх зүйч, нийгмийн ажилтан, сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын ерөнхий суурь болон мэргэжлийн заавал үзэх хичээлийн хөтөлбөрт жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн агуулгыг тусгах сургалтын модулийг боловсруулан оруулсан билээ.
2023 оны 9 дүгээр сарын 25-нд Монгол Улсын Их Сургууль болон Азийн сан хамтран Монгол Улсад анх удаа Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан. Тус хамтын ажиллагааны хүрээнд МУИС-д “Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр” батлагдаж, 2023-24 оны хичээлийн жилийн хаврын улиралд анхны 20 магистрантыг элсүүлэн сургалт эхлээд байна. Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийг Шинжлэх ухааны сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулийн есөн тэнхимийн 17 багш хамтран хэрэгжүүлж байна.
Азийн сангийн нэрэмжит сургалтын тэтгэлэгийг МУИС-ийн Жендэр судлалын салбар дундын хөтөлбөрт суралцаж буй Ц.Баасаннямбуу, Б.Батчимэг, Н.Батзориг, Д.Должинсүрэн Л.Мөнхтулга, О.Мөнхцэцэг, Ц.Номинсүрэн, Э.Сайнзаяа, Г.Сувдаа, Ц.Энх-Оюун нарын 10 магистрант хүртсэн байна.