ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД 2024 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-03

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба нь 2019 оноос эхлэн улирал бүр албан хаагчдынхаа ажлын тайланг сонсож, ажилладаг уламжлалтай. Энэхүү хурлаар албан хаагчид тус бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын явцыг танилцуулж, цаашид анхаарах асуудлаа хэлэлцлээ.

Нэгдүгээр улиралд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаас дурьдвал:

  • АНУ-ын Нью-Йорк хотноо энэ оны 3 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг чуулганы эхний өдөр амжилттай зохион байгууллаа.
  • Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг зохион байгуулж ажиллаа.

Хурлаар 2024 оны эхний хагас жилд багтаан хийж гүйцэтгэх гол ажлуудыг эрэмбэлж, гол ажлуудыг шуурхай авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

Үүнд:

  • Эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд хэлэлцүүлж, батлуулах,
  • Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэж буй Улсын их хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Эрүүл мэндийн тухай, Биеийн тамир спортын тухай,  Малчны эрхзүйн байдлын тухай, Малчин өрхийн холбооны эрхзүйн байдлын тухай, Байгаль орчны тухай, Байгаль орчны нөлөөллийн тухай зэрэг 10 гаруй хуулийн төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг тусгах, холбогдох санал боловсруулж хүргүүлэх,
  • ЖЭТБХтХууль, Улс төрийн намын тухай хуульд тусгагдсан Жендэрийн үндэсний хороонд улс төрийн намуудаас жил бүр хүргүүлэх тайлан мэдээллийн маягт загварыг Үндэсний статистикийн хорооны арга зүйн зөвлөлөөр батлуулах ,
  • Жендэрийн салбарын зөвлөлийн нарийн бичиг бөгөөд яамдын жендэрийн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг ТАЗ-тэй хамтран боловсруулж, холбогдох шийдвэрийг гаргуулах,
  • Улс төрийн намын үйл ажиллагаанд жендэрийн дэвшилтэт үзэл баримтлалыг нэвтрүүлэх хүрээнд улс төрийн намын дунд шатны байгууллагын удирдлага болон албан хаагчдад хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах улс төрийн манлайлал, үр дүнг танилцуулах, харилцан санал солилцох, хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-д суудалтай 3 нам болон УИХ-д суудалгүй намуудад зориулсан семинарыг зохион байгуулах зэрэг ажлуудыг анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency