МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД АНХ УДАА 126 ГИШҮҮН СОНГОГДОЖ ҮҮНЭЭС ЭРЭГТЭЙ-94, ЭМЭГТЭЙ-32 ГИШҮҮН 2024-2028 ОНД АЖИЛЛАНА

2024-07-01

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль зохион байгуулагдаж нэр дэвшигчдэд түр үнэмлэхийг олгоод байна.

УИХ-ын 8 удаагийн сонгуульд нийт 608 гишүүн сонгогдон ажилласнаас эрэгтэй 544, эмэгтэй 64 буюу өнгөрсөн 32 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн УИХ-д эзэлж байсан түүхэн дээд амжилт нь 13 буюу 17.1 хувь байлаа. Гэхдээ энэхүү түүхэн дээд үзүүлэлт нь жендэрийн квотыг 20 хувиар тогтоож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодлогын түвшинд нийгмийн бүхий л талууд тууштай, тасралтгүй дэмжиж ажилласны мөрөөр 2012, 2016, 2020 оны сонгуулиар бий болсон үр дүн байлаа.

2024 оны УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар(эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлэн байршуулснаар), жендэрийн квотыг 30 хувиар хуульчлан зохион байгуулагдаж 5 нам эвслийн тойргоос 8 эмэгтэй, 5 нам эвслийн жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг 8 хувиар ахиулж 25 хувьд хүргэлээ.

Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр 2024 оны 4-р сарын байдлаар Монгол Улс 17 эмэгтэй гишүүний тоогоор 190 улсаас 129-р байранд бичигдэж байна. Шинээр сонгогдсон 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр Монгол Улс 96-99-р байр руу, энэ нь 27-30 байраар урагшлах болзлыг хангаад байна.

Ардчилал, Сонгуулийг Дэмжих Олон Улсын Хүрээлэнгийн (International IDEA) мэдээлснээр 2024 онд дэлхийн 73 улсад сонгууль болж байгаагаас өнөөдрийн байдлаар 35 улсад сонгууль зохион байгуулагдаж 1 тэрбум 210 сая орчим хүн сонгуульд оролцож саналаа өгсөн байна. Он дуустал үлдсэн 38 улсын сонгуулийн үр дүнгээс хамааран Парламентад эзлэх эмэгтэйчүүдийн тоогоор Монгол Улсын эзлэх байр хөдөлж болзошгүйг тэмдэглэе.

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency